Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/4 шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Францын "ПСЖ" клуб Италийн "Аталанта"-тай тулсан. Тоглолтын өмнө Францын багт арай илүү давуу тал байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байв. Гэвч Аваргуудын лигийн "шинэ цэрэг" болох "Аталанта" баг Неймар, Мбаппе тэргүүтнүүдийг эгээтэй л тэмцээнээс хасчихсангүй.
Эцсийн мөчид "ПСЖ" хоёр гоол оруулж, өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон. Тоглолтын 90 дэх минут хүртэл "Аталанта" 1:0-ээр хожиж явсан. 26 дахь минутад Пашаличийн оруулсан гоол тэднийг шөвгийн дөрөвт үлдээх шахсан. Гэвч 90 дэх минутад Маркиньос тэнцүүлж, 90+3 дахь минутад Шупо-Мотинг нэгийг нэмснээр "ПСЖ" гайхалтай эргэн ирэлтийг толилууллаа. Ийнхүү Францын баг олон жилийн оролдлогын дараа Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдэж байна.
Сэтгэгдэл бичих