Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ийн жингийн Дэлхийн аварга “KING TUG” Н.Төгсцогт энэ сарын 19-нд Мексикийн “Zurdito” ( Солгой) хочит Эдуардо Рамирес тулалдах ёстой байсан.
Тэгвэл Эдуардо Рамиресийн “ ковид-19”-ийн сорьц эерэг буюу халдвартай гарсан байна. Тиймээс WBC холбооноос Н.Төгсцогтын өрсөлдөгчийг өөрчилж, нэрийг нь зарлалаа.
WBC холбооны featherweight буюу 57.2 кг-ийн жингийн чансааг манлайлж, нэгдүгээрт бичигдэж буй манай Н.Төгсцогтыг Барбадосын” Soldier” Кобиа Брийдитэй тулалдуулахаар шийдвэрлэжээ.
Кобиа Брийди нь энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан юм байна. Мэргэжлийн боксын рингэнд “ Soldier” ( Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан аж. Одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм.
Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл жижиг биетэй, чац бага тамирчин байна. Тэрбээр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.
Хоёр боксчны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Сэтгэгдэл бичих