Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Д.Нямхүү: Батлагдсан 313 тохиолдлоос 303 хүн эдгэрээд байна
ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Сүүлийн хоёр өдөр нийт 629 хүн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ коронавирусийн оношоор батлагдан эмчлүүлж байсан 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна.
ХӨСҮТ-д тандалт, ажиглалтад нийт 48 хүн байна. Одоогийн байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 303 хүн эдгэрсэн" хэмээлээ.
Цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөхөөр болжээ
Энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгохоор шийдвэрлэлээ.
Есөн настай охин амиа алдсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна
Есдүгээр сарын 20-ны өглөөний 05:00 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд есөн настай охин нас барсан байна гэдэг дуудлага бүртгэгджээ. Мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн хэсэг хэргийн газарт үзлэг шалгалт хийж ажилласан байна. Хэрэгт холбогдуулан есөн настай охины амь насыг хохироосон байж болзошгүй түүний хойд эцэг 36 настай Б-г цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Урьдчилсан байдлаар 36 настай Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.
Танилц: Ирэх сард төлөвлөгдсөн чартер нислэгийн хуваарь
Коронавирусийн цар тахалын улмаас Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хилээ хаасан. Ингээд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгаснаар хил нээх боломжгүйд хүрч чартер нислэгээр гадаадад байгаа иргэдээ татан авсаар байгаа юм.
Шадар сайд Я.Содбаатар ирэх зургадугаар сар хил нээх боломжгүй гэдгээ ч илэрхийлээд буй.
Ингээд аравдугаар сард үйлдэгдэх чартер нислэгийн хуваарыг танилцуулж байна. Аравдугаар сард 11 нислэг үйлдэж, 2700 иргэнээ эх оронд нь авч ирэхээр төлөвлөжээ.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно
Засгийн газрын ээлжит хуралдаан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбохоор шийдвэрлэв. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалныхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицов. Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өдгөө нотолж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Орон нутгийн сонгуульд 16.6 тэрбум төгрөг зарцуулна
Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-оос мэдээлэл хийлээ. Аймаг, нийслэлийн сум дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаар сарын 15-ны өдөр явагдана. Санал хураалтын цагийг богиносгож 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болсон байна.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг есдүгээр сарын 30-нд гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Өмнөх сонгуулиудад хэсэг болгон 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй.
УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийг зарцуулах аж.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ ч одоо ямар шийдвэр гаргачив аа...