Испанийн Ла лигийн 3 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Одоогоор 12 баг 3 тойргийн тоглолтоо хийсэн. 4 баг хоёр тойргийн тоглолт хийгээд байгаа юм. Харин 4 баг эхний тойргийн тоглолт хийсэн. Тэр дундаа "Барселона", "Атлетико" багууд эхний тойргийн тоглолтоо хийлээ.
Энэ зун дасгалжуулагчаа өөрчилж, олон ч тоглогчоо явуулж, шинэчлэл хийж байгаа "Барселона" клуб энэ улирлын анхны тоглолтоо "Вильяарреал"тай хийж, 4:0-ээр хожлоо. Каталоны баг ямар ч байсан гараагаа амжилттай тавилаа. Энэ тоглолтод "Барса"-гийн ирээдүй гэгдэж буй Ансу Фати 15, 19 дэх минутад хоёрыг оруулж, дубль хийсэн. Түүний араас Месси 35 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж оруулсан бол дөрөв дэх гоолыг зочин багийн Пау Торрес 45 дахь минутад өөрийнхөө хаалганд оруулжээ.
Испанийн хүчирхэг баг "Атлетико Мадрид" энэ улирлын эхний тоглолтоо өнгөрсөн шөнө хийсэн. Мадридын баг талбайдаа "Гранада"-г хүлээж авч, 6:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 9 дэх минутад Диего Коста тооны харьцааг нээсэн. Улмаар Корреа 47, Жоау Феликс 65, Льоренте 72 дахь минутад нэг нэгийг оруулсан. Тэгвэл "шинэ цэрэг" Луис Суарез 85, 90 дэх минутад хоёрыг оруулж, ямархуу энтэй довтлогч вэ гэдгээ харууллаа. Зочин багаас нэр төрийн ганц гоолыг 87 дахь минутад Молина оруулсан.
Сэтгэгдэл бичих