Сурвалжилга: Алслагдсан хороодод шахмал түлш худалдан борлуулах цэг хангалтгүй байна

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан өчигдөр /2020.09.30/ “Тавантолгой Түлш” ХХК, НОБГ, МХЕГ-ын мэргэжилтнүүд гэр хорооллын айлуудаар явж ажилласан. Тэд айлуудын яндан зуухны битүүмжлэл, угаарын хий мэдрэгч ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өгөв. Бид эхлээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн А.Алтанбаярын гэрийг зорин очив.

Биднийг очиход гэрийн эзэн байхгүй харин түүний гэргий бага насны хүүхдийн хамт байлаа. Тэднийх тус хороонд нүүж ирээд удаагүй. Өмнө нь шахмал түлшийг огт хэрэглэж байгаагүй айл байв.

Тиймээс “Тавантолгой Түлш” ХХК компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн тэдэнд “Шахмал түлшийг зөв ашиглах, заавар зөвлөгөөг хүргэхээр энэ айлыг сонгосон болов уу” гэсэн бодол төрөв.

Мэргэжилтнүүд тэдний зуухны битүүмжлэл, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон янданг хөөлөх шаардлагатай эсэхийг шалгав. Шалгалтын үед тухайн айлын янданг хөөлж, гэрийн эзэгтэйд угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь ажиллахгүй байгааг анхааруулан, хэрэгтэй  мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй гэрийн эзэгтэйд зөвлөлөө.

         -Зааварчилгааг зөв мөрдвөл эрсдэл холуур өнгөрнө-

Тэрбээр “Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой галлагаа нэмэгдэж, угаарын хийнд хордох тохиолдол  их бүртгэгддэг учраас мэргэжлийн байгууллага эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулж байна. Тиймээс та бүхэнд мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг мөрдөж зуухны битүүмжлэл, яндангаа хөөлөх, угаарын хий мэдрэгчийн ажиллагааг байнга шалгаж байх ёстой. Угаарын хийн хордлогод өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хууч өвчтэй хүмүүс өртөх магадлалтай байдаг шүү. Тиймээс зөвлөмжүүдийг зөв мөрдвөл эрсдэл холуур өнгөрнө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй” хэмээлээ.

Гэрийн эзэгтэй зөвлөгөө мэдээллийг сонссоны дараа мэргэжилтнүүдэд хандаж угаар мэдрэгч төхөөрөмжийн зай нь  дуусчихсан учраас ажиллахгүй байгаа талаар хэллээ.

“Тавантолгой Түлш” ХХК компанийн ажилчин тэр даруй төхөөрөмжид шинэ зай хийж, тэр айлын угаарын хийн төхөөрөмжийн анхааруулгын дохиоллыг ажиллуулж өгөв. Энэ үед “Тавантолгой Түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал гэрийн эзэгтэйд хандан “Төхөөрөмжийн зайг маш сайн шалгаж байх хэрэгтэй. Энэ мэдрэгч байнга асаалттай байснаар таны болон танай гэр бүлийг эрсдэлээс хамгаална” гээд сэтгүүлчдийн угаарын хий мэдрэгчтэй холбоотой ажлын хэрэгжилт биелэлтийн талаарх асуултад хариулав.

-Байшинд амьдардаг 15 мянган өрхийн судалгаа эрсдэлтэй гарсан-

Тэрбээр “Сүүлийн үед угаарын хийтэй холбоотой дуудлага их ирж байгаа. Угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсанаар иргэд угаартаж байгаагаа мэдэж эмнэлгийн байгууллагад шуурхай хандаж өөрсдийн амь насыг аварч байна. “Тавантолгой Түлш” ХХК угаарын хийн эрсдэлээс сэргийлж хэрэглэгчдэд үйлчлэх алба байгуулсан. Энэ албанд зургаан дүүргийн 200 гаруй өрхийг хариуцсан 920 гаруй мэргэжилтэн  ажиллаж байна. Тэдгээр хүмүүс өөрсдийн хариуцсан өрхүүдийг угаарын хийд өртөх эрсдэлээс хамгаалах ажлыг гүйцэтгэнэ. Мөн зөвлөн туслагчид юм.

Бид нэг сарын хугацаанд Улаанбаатар хотын 158 мянган айл өрхийг судалгаанд хамруулсан.  Үүнийг дүгнэхэд 83 мянган айл байшинд амьдардаг.  Эдгээр байшинтай өрхийн  15 мянга орчим нь эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс эдгээр өрхүүдэд эхлээд  агааржуулалтын хоолой суулгана. Харин  эрсдэл багатай айлуудад зайлшгүй агааржуулалттай байх ёстой гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Дараа нь янданг нь хөөлж байна. 

 Энэ ажлыг наймдугаар сарын 27-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос зарласан “Яндангаа хөөлье” аяны хүрээнд мэргэжлийн яндан хөөлөгчид хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 400 гаруй хүн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт дуудлагын дагуу айлуудаар очиж яндан хөөлж байна. Бид эхний ээлжинд өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд туслах зорилгоор янданг хөөлж байгаа юм. Иргэдэд галлагааны өмнө яндангаа маш  сайн хөөлөхийг анхааруулж байна. Мөн монгол гэрт  амьдардаг  иргэд шахмал түлш ашиглаж байхдаа  янданг хэзээ ч сугалан авч болохгүй. Угаарын дуудлагын 90 хувийг гэрт амьдардаг иргэд өгч байна. Яндангаа сугалж авах, эсвэл яндангийн сойлтыг хаасан тохиолдолд угаартах эрсдэл өндөр байдаг. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол шалгаж байх хэрэгтэй” хэмээн мэдээлэв.

        -Угаарын хийнд хордсон хүүхдүүдийн биеийн байдал

                                        хэвийн байгаа-

Улаанбаатар хотод хэдхэн хоногийн өмнө агаарын температур буурч иргэд гэртээ галлаж эхэлсэн. Гэтэл иргэд дөнгөж галлаж эхлэхэд угаарын хордлогын улмаас бага насны хүүхдүүд эмнэлэгт хүргэгдсэн. Бидэнд өнгөрсөн жилийн галлагааны улирлаар маш олон хүн угаарын хийнд хордож, эрүүл мэндээрээ хохирсон түүх бий. Тиймээс энэ асуудлыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодруулав.

-Одоогийн байдлаар угаарын хийнд хордсон дуудлага Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирж байгаа. Өчигдөр /2020.09.29/ гэхэд гурван хүүхэд угаартсан дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн шуурхай ажиллаж, хүүхдүүдийг эх нялхсын эрүүл мэндийн төвд хүргэсэн. Эмнэлгийн зүгээс хүүхдүүдийн биеийн байдлыг хяналтдаа авч, зөвлөмж зөвлөгөө өгч гэрт нь  буцаасан байгаа. Тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа. Мөн одоогоор угаарын хийнд хордсон гэдэг шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Угаарын хийнд хүүхэд хордсон шалтгаан нь буруу галлагаатай холбоотой. Тиймээс хамгийн чухал нь галлагааг зөв хийх, пийшин зуухны битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, утаа мэдрэмжийг байршуулах ажлыг байнга шалгаж байх хэрэгтэй байна. Зүгээр л байрлуулаад орхих биш хянадаг байх хэрэгтэй. Хэрвээ иргэд энэ талаар мэдэхгүй бол “Тавантолгой Түлш” компанид хандаж дуудлага өгч болно” хэмээлээ.

Энэхүү мэдээллийн дараа дараагийн айл буюу Сүхбаатар дүүргийн 13-р хороог зорив. Бидний очих дараагийн айл пийшингээ хөөлүүлэх хүсэлт гаргасан өндөр настан Л.Пүрвээ гуайнх байлаа. Тэрбээр ганцаараа амьдардаг. Гэрийнхээ пийшинг гурван жилийн турш хөөлөөгүй явжээ. Харин хэдхэн хоногийн өмнө хорооны нийгмийн ажилтнаасаа “Яндангаа хөөлье” аяны талаар сонсож, пийшингээ хөөлүүлэх хүсэлтээ гаргажээ. Биднийг очиход тэднийх хоёр хоног галлагаагүй маш хүйтэн байлаа. Учир нь яндангаа хөөлүүлэхийн тулд бүрэн хөргөж, 24-48 цаг халаахгүй байх шаардлагатай аж. Гэрийн эзэн Л.Пүрвээ гуай өөрийг нь зорин ирсэн олон гийчдийг хараад баярлана.

-Би мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг “Онц” биелүүлж, алдаа                                                              гаргаагүй-

Түүнээс сэтгүүлчид угаарын хий мэдрэгч, пийшин хөөлөх, шахмал түлшний талаар хэдэн талаас нь асууж гарав. Тэрбээр “Өнгөрсөн жил шахмал түлшийг түлж сайхан өвөлжсөн. Надад ямар нэгэн асуудал гараагүй. Зарим хүмүүс угаартлаа гэж сонссон. Би мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг “Онц” биелүүлж ямар нэгэн алдаа гаргаагүй гэж бодож байгаа. Манай хүүхдүүд бүгд тусдаа гарсан. Над дээр хааяа ирдэг. Тэгэхдээ пийшинг маань хөөлж чаддаггүй юм. Харин улсаас миний пийшин, зуухыг хөөлж, янзалж өгч байгаад маш их баярлаж байна” хэмээн сэтгэл нь хөдөлсөн аястай хариулав.

                                                                         Нүүрс борлуулах цэгийн хүрэлцээ хангалтгүй байна

Харин түүнд нэг асуудал тулгардаг. Тэр нь нүүрс борлуулах цэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг асуудал юм. Учир нь нүүрс худалдаалдаг цэг тэдний гэрээс маш хол зайтай байдаг гэнэ. Өндөр настан Л.Пүрвээ гуай энэ асуудлыг мэргэжилтнүүдэд хэлэхийг хүссэн ч бидний дунд энэ талаар хариуцсан хүн байхгүй байлаа.

Тэдний пийшинг хөөлөх “Тавантолгой Түлш” ХХК-ийн хоёр ажилтнаас их ажлын хажуугаар нь  товчхон  асуулт асуув.

   -Нэг  өдөрт хамгийн багадаа 5 айлын пийшинг хөөлдөг-

Тэд “Яндангаа хөөлье” аяны хүрээнд гэр хорооллын өрхүүдээс ирэх дуудлага эрс нэмэгдсэн. Бид дуудлагын дагуу Улаанбаатар хот дотроо хаана ч хамаагүй очдог. Манай инженерүүд бүх дүүргийг хариуцан ажиллаж байна. Нэг өдөрт хамгийн багадаа 5 айлын пийшинг хөөлдөг” хэмээн хариулав.

Эмээгийн жижигхэн байшин дотор маш олон хүн цугласан байв. 

Тэнд байх “Таван толгой Түлш” ХХК хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын ажилтан В.Баярмагнайгаас иргэд угаарын хийн хордлого, аюулгүй байдлыг эртнээс хангахад хэр идэвх санаачлагатай байгаа талаар  тодрууллаа.

 -Зарим иргэд угаарын хий мэдрэгчийг байрлуулахаар гэрт нь                                                 очиход дургүйцдэг-

  Тэрбээр "Тавантолгой Түлш” ХХК-ий хяналтын ажилчид 200 гаруй өрхийг хариуцаж ажилладаг. Хүмүүс өөрсдийн мэдээллийг буруу өгч байна. Бүртгэл хийсний дараа угаарын хий мэдрэгчийг хэвийн ажиллаж байгаа эсэхийг лавлахаар залгахад утасны дугаараа буруу тэмдэглүүлсэн байдаг. Зарим хүмүүс яндан хөөлөх шаардлагатай эсэхийг шалгах, угаарын хий мэдрэгчийг байрлуулах гээд очиход бухимдаж шалгуулахаас дургүйцдэг. Айлууд хоёр хоногийн өмнөөс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орцгоосон. Шалгалтын үеэр ихэнх айлуудын угаарын хий мэдрэгч далд байсан. Мөн иргэдэд анхааруулахад хуучин угаар мэдрэгч хэвийн ажиллаж байгаа.  Харин иргэдийн эвдэрчихсэн хэмээн бодож байгаа нь зайтай холбоотой шүү. Өөрсдөө зайг нь дууссан үгүйг шалгаж соливол угаарын хий мэдрэгч хэвийн ажиллана. Зарим хүмүүс өөрсдийнхөө төлөө жижигхэн зайг солихоос дургүйцэж байна. Бид иргэдэд угаарыг хий мэдрэх хамгийн ойр газарт байрлуулахыг зааварласан байхад зарим айлууд авдар дээрээ тавьчихсан байдаг" хэмээв. 

                          Шахмал түлш борлуулах цэг хүрэлцэхгүй байна.  Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ 

Тэрбээр 13-р хорооны байнгын оршин суугч бөгөөд тодруулга өгснийхөө дараа “Тавантолгой Түлш” компанийн ажилтны хувьд биш “Тавантолгой Түлш” компанийн шахмал түлшийг хэрэглэдэг иргэний хувьд гомдол, саналаа уламжилсан юм.

Манай 13 дугаар  хороонд хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол шахмал түлш борлуулах цэг хүрэлцэхгүй байна.  Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ. Одоогоор  13 дугаар  хороонд түлш борлуулдаг ганцхан цэгтэй. Уг нь 200 айл тутамд 1 борлуулалтын цэг байх ёстой биз дээ. Тэр шийдвэрийн хэрэгжилт манай хороонд хэрэгтэй байна. Эндэхийн оршин суугчдын хүсэж байгаа гол асуудал энэ л байна. Түлшний борлуулалтын цэгийг ойртуулж өгнө үү. Өнгөрсөн жил  явуулын цэгүүд борлуулалт хийдэг байсан. Тэнд зарагддаг байсан түлшнүүд хаанаа ч хүрэлцдэггүй байсан. Тиймээс нүүрс борлуулах цэг, хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байна.

Түүний санал, гомдлыг  байшинд  байсан бүх хүн сонсож дуусаад, гэрээс гарцгаалаа. Зам дагуу бууж түүний зааж өгсөн шахмал түлш борлуулах цэгийг хайсан ч олсонгүй. Гадаа бороо хувингаар цутгаж байгаа мэт асгасаар л байв. Зурагчинтайгаа хамтран замын хоёр хажуу руу харж явсаар төв замтай нийлэв. Түлш борлуулах цэг тааралдсангүй. Тэдний хэлсэн ч үнэн бололтой. 5 буудлаас цааш алхсаар 32-ын тойрог хүртэл алхав. Бидний нүдэнд харагдах орчинд түлш борлуулах цэг “Sansar” худалдааны төвийн ойролцоо очтол тааралдсангүй. Харин тэнд ойролцоо хоёр шахмал түлш борлуулах цэг байв.

Нэг гудамжны зайтай тун ойролцоо байсан шүү. Түлш борлуулах цэгүүдийн байршлыг маш сайн төлөвлөж гаргавал олон хүнд тустай болов уу. Бид шахмал түлш худалдаалах 48 дугаар цэг дээр ирсэн байв. Шахмал түлшний борлуулалтыг хариуцсан  Д.Дамбатай цөөн хором ярилцав.

-Түлшний цэгүүд ойрхон зайтай хангалттай олон байдаг-

Жижиг мухлагт наймаа эрхлэх тэрбээр гартаа атгасан мөнгөө тоолж, данс хөтлөх зуураа “Одоохондоо түлш сайн гарч байна. Нэг өдөрт агуулахаас 5-10 тн түлш ирдэг. Тэр түлш 3 хоногийн дотор дуусдаг.  Өчигдрөөс /2020.09.29/ л гайгүй зарагдаж эхэлж байна. Түлшний цэгүүд хангалттай олон байдаг. Манай ойролцоо хоёр ч байгаа” хэмээв.

          -5тн шахмал түлшийг зарахад хоёрхон цагийн хугацаа                                                               хангалттай-

Ойролцоох шахмал түлш худалдаалах 48 дугаар цэгийн борлуулагч Н.Бямбаатай уулзав. Тэдний байр илүү тохилог, том байлаа. Бидэнтэй цонхны наана, цаанаас ярьж ойлголцов. Тэрбээр,

“Манайх өдөр бүр 5 тн шахмал түлш авдаг. Худалдан авагчдын ихэнх нь картгүй ирж байна. Хүмүүс хангалттай нүүрс авахын тулд картгүй ч гэсэн шахмал түлш авахыг хүсэж байна. Учир нь холоос зорьж ирж байгаа хүмүүс 6 ширхгээс илүү ихийг  авахыг хүсдэг. Биднийг цаанаас нь заавал картаар зарахыг шаардсан. Иргэдэд энэ талаар шаардлага тавихад бараг л зодуулах шахаж байна. Уг нь иргэдийн шаардлага зөв. Өөрсдийн мөнгөөр худалдаж авч байгаа хойно карттай, картгүй авсан хамаагүй л баймаар юм. Жишээлбэл, том нийтийн байрнууд 6 шуудай шахмал түлш авахад хаанаа хүрдэггүй. Манай ойр орчимд том нийтийн байрнууд олон байдаг. Зарим хүмүүс 6 шуудай нүүрс авахын тулд олон дахин портер машин хөлслөхийн оронд нэг авахдаа 40-50 шуудайгаар нь авахыг боддог. Харин ингэж их хэмжээгээр авснаас болж дараагийн хүмүүст нүүрс хүрэлцдэггүй. Нэгээс хоёр шуудайгаар нь авдаг хүмүүс ч олон бий. 5тн шахмал түлшийг зарахад хоёрхон цагийн хугацаа хангалттай. Цаашлаад картгүй зараад эхэлбэл нэг хүн ганцаараа бүгдийг нь худалдаж авна. Тиймээс картаар зарж байгаа учраас л олон хүнд хүргэж чадаж байна. Харин манай дүүрэгт  шахмал түлш зарах цэгүүдийн байршил ойрхон, олон байдаг” хэмээн ярив.

Гадаа намрын бороо зүсэрсээр л хаа сайгүй хонхор үүсэж, замын эвдрэлийг илчилнэ. Цааш өөр цэгүүд хайсан ч олдсонгүй. Харин замын хажууд түлээ зарж зогсох хүүтэй тааралдав. Түүнээс түлээний үнийг сониучирхан асуухад дундын шуудайтай хар мод 5000 төгрөгөөр зарагдаж байв. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгаа энэ өдрүүд дөнгөж эхэлж байхад хуурай модыг хэт өндөр үнээр борлуулж байх шиг санагдав. Өдөржингөө бороонд цутарсан хүмүүс ойрхон, замдаа тааралдсан мод, түлээг нэг шуудайг нь 10 мянган төгрөг байсан ч авахаас буцдаггүй шүү дээ. Худалдаачид энэ завшааныг ч андахгүй болох нь мэдэгдэв. Уг нь энгийн нарлаг өдрүүдэд нэг шуудай мод 2500 төгрөгөөр худалдаалагддаг. Бороо зогсож нар гарахад модны үнэ шууд буурна гэдэгт итгэлтэй байна.

Жижиг бизнес эрхлэгчдээс эхлээд шийдвэр гаргагчид минь бодит байдлыг биеэр мэдэрч бусадтайгаа хөл нийлүүлэн алхаасай. Цаг агаарын байдлаар шалтгаалан түлээний үнэ нэмэхийн оронд бусдыгаа багахан ч гэсэн бодоорой. Мөн төв газарт шахмал түлш худалдаалах цэг дарааллан байршуулахын оронд алслагдсан хороодод эдгээр цэгүүдийг хүргэж ажилдаг байгаасай. Иргэдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзэж, бодит шийдвэрийг төлөвлөвөл олон хүнийг баярлуулна даа. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.72зочин   • 2020, 10 сарын 3. 17 цаг 30 минут

Сансарын Манба дацан хийдээс хойгуур олон зуун айлууд байдаг. Гэвч энэ хавьд шахмал түлш борлуулах 1 ч цэг байдаггүй. Шахмал түлш авахаар машин хөлслөөд 2, 3-н км яваад ч авч чаддаггүй. Дарь Эхрүү нүүрс борлуулах цэг ховор. Цаашлаад 7,8 км явсан ч заримдаа түлш олддоггүй. Түлш борлуулах цэг нэмээч гэж ноднин жилээс Таван толгой түлшрүү ярихаар нэмнэ л гэдэг. Гэвч бодит байдалд түлш борлуулах цэгээ нэмээгүй л байна.

66.181.164.172ган   • 2020, 10 сарын 1. 11 цаг 33 минут

6ш шуудай нүүрс хүйтний улиралд 7 хоногын хэрэцээг хангана. Гэтэл тэр болгон унаа машин цаг заваа үрэн зардал гаргаж явна гэдэг төрийн бодлого ард иргэдийнхээ саналыг сонсохгүй буруу байгааг харуулж байна. Ядахдаа 1тн авбал нэг л удаа портер хөлөсж зардлаа хэмнэнэ биз дээ. Хүн өөрийнхөө байрны хэмжээ дулааны хэрэгцээндээ дааруулж галлах ёстой байдаг гэтэл картын бараа шиг хүн болгонд адил хувиарлана гэдэг буруу. Эсвэл бүх айлыг нэг гэр, 5*6-ийн нэг байшинтай гэж төсөөлөөд байдаг юм бол уу. Хотын даргаа асуудлыг арай өөрөөр шийдээч

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.