2020 оны 10-р сарын 7
8 цаг 00 минут

Д.Пүрэвдаваа: Нийслэлийн Засаг даргыг иргэд биш нам томилохоор тэр хүн хэний төлөө ажиллах нь тодорхой биз дээ

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдавааг урьж ярилцлаа.

-Орон нутгийн сонгууль 10-хан хоногийн дараа болох гэж байна. Энэ сонгуульд АН нэлээд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа болов уу. Яагаад гэвэл тэнцвэртэй, хяналттай төрийг бий болгох хэрэгтэй байна гэж сонгогчид хүртэл хүсэж байна. АН сонгуульд хэрхэн бэлтгэж байна вэ?

-АН сонгууль бүрт ач холбогдол өгч оролцдог. Сонгууль бол ардчилсан Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх үйл явц. Ардчилсан нам бүх шатны сонгуульд хариуцлагатай ханддаг. Аль болохоор иргэндээ ээлтэй, тэдэн рүү чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагаа явуулдагаараа онцлог улс төрийн хүчин. Энэ удаагийн сонгууль их онцлогтой. Нэгдүгээрт, цар тахлын үед зохион байгуулж байна. Эдийн засаг, нийгмийн олон асуудал гарч ирлээ. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль олон эргэлзээг дагуулсан. Та бүхэн санаж байгаа бол гуравхан сарын өмнө УИХ-ын сонгуулийн дүн гарахад телевиз үзэж байсан иргэд хараад шууд дамжуулалт мөн үү гэдэгт эргэлзсэн. Сонгуулийн хэсгийн хорооноос дүн ирээгүй байхад дэлгэцэнд дүн ирсэн, тэдэн хүний санал авсан гэж гарах жишээтэй. Улс төрийн сонгууль шударга, ил тод болох ёстой. Гэтэл өөр нэг эргэлзээтэй зүйл гарч ирсэн нь санал авах хуудсыг хууль зөрчсөн байдлаар гаргасан.

Саналын хуудас хэн нэгэн хүн хувилах, хаа нэг газар хэвлэх боломжгүй байхаар нууцлалтай байдаг. Гэтэл УИХ-ын сонгуулийн саналын хуудсанд нууцлал хийгээгүй. Дээрээс нь нэг хүн олон удаа санал өгөхөөс сэргийлдэг хурууны бэхэн тэмдэглэгээг хийсэнгүй. Орон нутгийн сонгуулиар ч ашиглахгүй. Энэ бүхнээс үүдээд орон нутгийн сонгуульд иргэд санал өгөхдөө итгэлтэй биш байна. Дахиад л янз бүрийн асуудал үүсэж, санал луйвардах вий гэж болгоомжилж байгаа. УИХ-ын сонгуулиар янз бүрийн л эргэлзээтэй асуудал үүссэн. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Буруутай хүн олдоогүй. Ийм нөхцөлд эрх баригчдаас бусад намынхан яаж сонгуульд оролцох юм бэ.  Сая сонгуулиар 10 хүн тутмын 4 нь л Ардын намд саналаа өгсөн. Үлдсэн 60 хувь нь саналаа бусад намууддаа хуваагаад өгчихсөн. Тийм учраас эрх баригч нам УИХ-д 62 суудал авч, гүйцэтгэх засаглалыг 100 хувь томилсон. Үүнээс харахад, иргэдэд төрд итгэх итгэл алга болчихож. УИХ-ын гишүүд нэр хүндгүй болчихсон. Явуулж байгаа үйл ажиллагаа бүр нь шүүмжлэлд өртдөг. Үүнээс улбаалаад улсын хөгжлийг маш их хойш нь татдаг.

Орон нутгийн сонгуульд оролцохдоо нийслэлийн АН уриалга гаргасан. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэхийн тулд бид нэгдэж ажиллах ёстой юм байна. Нэгдсэн байдлаар сонгуульд оролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид эрх баригч намын арга мэхэнд ороод байна гэж үзсэн. Жишээ татъя, УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх үед буюу зургадугаар сарын 25-ны өдөр орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулах ёстой гэсэн хуулийн заалт оруулсан. УИХ-ын сонгуульд ид өрсөлдөж байгаа намууд орон нутгийн сонгуульд эвсэж орох уу, яах вэ гэдгийг ярих нөхцөл байдалд байх уу. 

-Үндсэндээ сонгуульд яаж оролцох вэ гэдгээ бодож тунгаах ч нөхцөл үлдээлгүй, боломжийг нь хааж байна гэсэн үг үү?

-Ерөөсөө л тийм. Зургадугаар сарын 29-ний өдөр УИХ-ын сонгууль болох гэж байхад 25-ны өдөр намууд мөрийн хөтөлбөрөө хянуулна гээд хуульчилчихаж байгаа юм. Намууд эвсэх, дараагийн сонгуульд яаж оролцохоо ярилцах боломжийг нь хуулийн аргаар хаасан. Намуудад боломж олгох ёстой биз дээ. УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдсөн хүн орон нутгийн сонгуулиар аль нэг улс төрийн хүчнээс нэр дэвших сонирхолтой ч байсан юм уу, тийм ээ. Яг ид сонгууль болж байхад орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр танилцуулна гэхээр наад зах нь бие дааж өрсөлдсөн хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа юм. Нөгөө талаар эвсэх, нэгдэх боломжийг хаасан. Гэхдээ бид боломжоо хаалгаагүй, хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрч чадсан. Тухайлбал, энэ удаагийн сонгуульд ИЗНН, Гэр хорооллын хөгжлийн намд нэг ч хүн нэр дэвшүүлээгүй. АН-аас дэмжиж оролцоно, бид санал хуваахгүй гэсэн. МАХН-д 45 хүн нэр дэвшүүлэх боломж байсан. Гэхдээ бид ялахын тулд МАХН хүнээ нэр дэвшүүлж байгаа тойрогт АН хүн нэр дэвшүүлэхгүй. АН-ын нэр дэвшигч өрсөлдөх тойрогт МАХН-ын төлөөлөл өрсөлдөхгүй байхаар хамтарч ажиллаж байна. Дээрээс нь ШИНЭН-ын гишүүд АН-ын гишүүн болж, нэр дэвшсэн гэх мэтээр орон нутгийн сонгууль онцлогтой байна.

-Яг ингэж нэгдэж сонгуульд оролцож байгаа нь “хэрүүлийн алим” боллоо гэж харсан. АН-ыг дэмжигчид энэ нам орон нутгийн сонгуульд дангаараа оролцох бүрэн хүчин чадалтай. Гэвч МАХН-тай хамтарч байгаа нь буруу гэж ч үзэж байна. Дангаараа сонгуульд оролцоод, хүчтэй өрсөлдөх боломж үнэхээр байхгүй байна гэж харсан юм уу?

-Шүүмжлэл дагуулж байна гэдэгт би өөр байр суурьтай байгаа. Шүүмжлэл хэлж байгаа хүмүүс нь МАН-ын төлөөлөл, эсвэл нэрээ нуусан харлуулагчид л байна. АН-ын анхан шатны гишүүдтэй уулзаад, нөхцөл байдлаа тайлбарлахад ямар ч сөрөг байр суурь илэрхийлээгүй. 2000 онд АН УИХ-д ердөө ганцхан суудал авч байсан. Тэгвэл 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх 5 нам нэгдсэн. Түүний дараа 2004 онд сонгуульд оролцоход АН 38 суудал авч байсан. Нэгдэж, нийлэх үйл явц эрх баригчдын дургүйг л хүргэдэг. МАХН-тай хамтарч ажиллах, нэг нам болох гэдэг чинь хоёр өөр ойлголт. Хамтарч ажиллана гэдэг чинь нэг үйл хэргийн төлөө нэгдсэн зорилготой байна гэсэн үг. Харин нэг нам болно гэдэг өөр зүйл. Өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэхийн тулд бид хамтарч ажиллах нь илүү өгөөжтэй.

Сонгуулийн мажоратори системийн үед иргэдийн санал гээгддэг. МАН иргэдийн 44 хувийн саналыг л авсан. Сонгогчдын олонхийн дэмжлэгийг аваагүй мөртлөө бүх эрх мэдлийг гартаа орууллаа. Гэтэл сонгогчдын 56 хувь нь энэ намын боловсон хүчнээр татварынхаа мөнгийг юунд зарцуулахыг шийдүүлмээргүй байна гэдэг сонголт хийсэн. Нийтдээ 2 сая сонгогч байна гэж бодъё л доо. Гэтэл түүний 56 хувь нь буюу 1 сая гаруй сонгогч ЖДҮ, концессч “хулгайлсан”, иргэдийн боломжийг булаасан хүмүүсийг иргэд дэмжээгүй. Гэтэл тэднийг дэмжээгүй 1 сая гаруй хүний санал гээгдчихлээ. Тиймээс намууд нэгдэх нь зөв. Пропорционал тогтолцоотой үед олон нам байхдаа зүгээр. Тус бүртээ мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оролцвол санал гээгдэхгүй. Хэрвээ сонгуулийн пропорционал тогтолцоотой байсан бол МАН 30 орчим суудал авах байсан. АН 20 орчим, бусад намууд үлдсэн суудлыг нь авах байлаа. Тэгвэл иргэдийн санал гээгдэхгүй байсан юм.

Өнөөдөр эрх баригч намын дарга төрийн хяналттай эдийн засаг байна гэж дуугарч байна. Хэрвээ пропорционал тогтолцоотой байсан бол тэр хүн тэгж дуугарах уу.  40 хувийн санал авчихаад, 100 хувийн ааш араншин гаргаж байна. Хэрвээ иргэдийн 56 хувийн төлөөлөл өнөөдөр УИХ-д байсан бол ингэхгүй шүү дээ. Хэрвээ энэ нам 2024 онд дахиад олонх болвол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад, Төрийн хяналттай эдийн засагтай болох нь л дээ. Бүх өмч төрийнх болох юм байна. Бизнес эрхлэхдээ заавал төрөөс асууж байж хийх нь. Хэвлэлийн байгууллага төрөөс асууж байж мэдээллээ хэвлүүлэх нь. Ийм л нийгэм рүү явж байна даа.

-ХҮН-ынхан саяхан талбай дээр жагсаал, цуглаан хийгээд, бидний сонгуульд оролцох боломжийг АН-ынхан хааж байна. Бидэнд сонгуульд хамтарч оролцох санал тавьсан, хүлээж аваагүй юм. Гэтэл саналыг нь хүлээж аваагүйн төлөө сонгуульд оролцох боломжийг маань хаалаа, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглаж байна гэх мэтээр ярьсан. Үнэхээр ХҮН-ынханд хамтарч сонгуульд оролцох санал тавьсан юм уу?

-Наймдугаар сарын 15-ны дотор аймаг, сум, дүүрэгт салбар нэгжээ байгуулсан улс төрийн хүчнүүд сонгуульд оролцох хүсэлтээ өгнө гэсэн хуулийн заалттай. Тэр дагуу Нийслэлийн Сонгуулийн хороонд 14 нам, 67 бие даагч бүртгүүлсэн. Би үндэсний хэмжээний манлайлагч намын төлөөллийн хувиар олон хүнтэй уулзсан. 14 намын болон бие даагчдын төлөөлөлтэй уулзаж, сонгуулийн булхай луйврыг таслан зогсоохын тулд яриа, хэлэлцээр хийсэн. ХҮН-ын төлөөлөлтэй нэг удаа уулзсан. Танайх ямар байр суурьтай байна вэ гэдгийг нь асуусан. Тэдний зүгээс хамтарч ажиллах боломжтой гэсэн. Гэхдээ АН, ХҮН хоёр л хамтарч сонгуульд оролцох боломжтой. Бусад 11 намтай огт хамтрахгүй байх шийдлийг тэд санал болгосон. Ийм түрэмгий санал тавьсан учраас хамтарч ажиллах боломжгүй байсан.

Сүхбаатарын талбайд болсон жагсаал, цуглааныг хэвлэлээр үзсэн. Асуудалдаа АН болон Ерөнхийлөгчийг хамаатуулж байна билээ. Би тэднээс нэг л зүйлийг асуумаар байна. 2020 оны аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ Дарханы АН хасуулсан. Яагаад Дарханы АН сонгуульд оролцох эрхээ шүүхээр хасуулсанд намайг буруутгахгүй байгаа юм. Хуулийн өмнө бүх хүн, улс төрийн хүчин ижил эрхтэй. Хэрвээ хууль зөрчсөн л бол АН, ХҮН, МАН ч гэсэн адилхан хариуцлагаа хүлээдэг байх ёстой юм. Шүүх шийдвэрээ л гаргасан.  Хэн сайхан уран ярьдагт нь шүүх хөнгөлөлттэй хандана гэж байхгүй шүү дээ. Үнэхээр тэр хүмүүсийн эрх зөрчигдсөн бол шүүхээрээ л асуудлаа шийдэх ёстой. ХҮН-ыг улс төрийн сонгуульд ялах гэж орж байна гэж би харахгүй байгаа. ХҮН нийслэлийн Иргэдийн хуралд 27 хүн нэр дэвшүүлсэн байна билээ. 45 нэр дэвшүүлэх боломжтой. Гэтэл 27 хүн нэр дэвшүүлж байгаа улс төрийн хүчин ялалт байгуулах зорилготой байх уу. Энгийн математик тооцоолол хийгээд үз дээ. 45 хүн нэр дэвшүүллээ гэхэд 23 суудал авч байж ялалт байгуулна даа.  Тэгж байж өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гэтэл 27 хүн дэвшүүлээд, 23 суудал авч чадах уу гэх мэтээр бодох л хэрэгтэй.

Энэ удаагийн сонгуульд нийслэлийн АН ямар ч босго тавиагүй

-УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын удирдлагууд нэр дэвших сонирхолтой гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авсан нь асуудал үүсгэсэн. Сонгуулийн дараа ч энэ асуудлыг ярьж л байлаа. Орон нутгийн сонгуульд оролцохдоо нэр дэвшигчиддээ дэнчингийн босго тавиагүй биз дээ?

-Улс төрийн нам мөнгөтэй холбогдоод, нэр дэвшилт, үйл ажиллагаа нь мөнгөөр хэмжигдээд эхэлбэл буруу. АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвших татвар болгож, 100 сая төгрөгийн босго тавьсан. Энэ шийдвэр иргэдийг маш их бухимдуулсан. Иргэд, намын жирийн гишүүд бухимдах нь зөв. 100 сая төгрөгийн босго тавьсан тийм ч оновчтой шийдвэр байгаагүй гэж би боддог. Сөрөг хүчнүүд АН-ыг муухай харагдуулах маш том боломжийг ч гаргасан хэрэг. МАН 2016 онд төрийн албан тушаалыг наймаалж, 60 тэрбум төгрөг босгож болох юм гэдэг тооцоог гаргасан байсан. Үүнийг нь нэг хүн олон нийтэд задалсан. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого байсан. АН-ын 100 саяын татвар бол сонгуулийн кампанит ажилд зарцуулах л зардал. Улсын хэмжээнд сонгуулийн кампанит ажилд ойролцоогоор 8 тэрбум төгрөг хэрэгтэй болдог. Түүнийгээ босгохын тулд л мөнгө авсан. Телевизээр сурталчилгаа явуулж, мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулахад л ямар үнэтэй байдаг билээ. УИХ-ын сонгуулиар телевизүүд 100-250 саяын гэрээ хийсэн гэж би сонссон. Өнөөдөр хэчнээн телевиз байдаг билээ. 200 саяын гэрээ хийдэг 10 телевизтэй л АН гэрээ хийхэд 2 тэрбум төгрөг. Мөрийн хөтөлбөрөө хэвлүүлнэ. 700 мянган хувиар хэвлүүлж, бүх өрхөд хүргэе гэж бодъё. Тэгэхэд 700 сая төгрөг болно. Хуулиндаа заачихсан зардлууд гэж байгаа шүү дээ.

Сайтууд гэхэд хамгийн багадаа л 5-10 сая төгрөгийн гэрээ хийдэг. Хэдэн зуун сайт байгаа билээ. Тэдэнтэй бас гэрээ хийнэ. Ингээд тооцоод үзэхээр хэчнээн төгрөг хэрэг болох билээ. 100 саяын дэнчин бол дундын хуримтлал үүсгэж байгаа л хэлбэр. Гэхдээ буруу чиглэлтэй л болохоос. Түүнээс биш ажил, албан тушаал хуваарилах зорилготой санхүүжилтийн схем биш. МАН-ын тэр схем бол албан тушаал зарах зорилготой байсан. Энэ удаагийн сонгуульд нийслэлийн АН ямар ч босго тавиагүй. АН энэ сонгуульд 37 хүн нэр дэвшүүлсэн. МАХН 8 хүн нэр дэвшүүлсэн байгаа. 37 хүнээ нэр дэвших эрхээ авсны дараа бүгдээрээ нийлээд, дундын хуримтлал үүсгээд, кампанит ажлынхаа зардлыг зохицуулж байна. Дээрээс нь өрсөлдөж байгаа нэр дэвшигчид маань намын гишүүдээсээ хандив, тусламжаа аваад, олон улсын жишгээр л ажиллаж байгаа.

-Сонгуулийн зардлаас хуучин дарга нь мөнгө шамшигдуулсан байж магадгүй талаар мэдээлэл гарч эхэллээ. Одоо байгаа даргын үүрэг гүйцэтгэгч нь Аудит оруулаад, шалгуулсан гэсэн. Энэ асуудал орон нутгийн сонгуулийн өмнө АН-ын нэр хүндэд тодорхой хэмжээнд нөлөөлж байх шиг?

-Аливаа байгууллагын төрийн байна уу, хувийн уу хамаагүй, удирдлага нь солигдоход заавал аудит хийлгэх ёстой. Тэр нь ч бас зөв зүйтэй гэж бодож байна. Өмнөх даргын гарын үсэг зураад гаргасан санхүүгийн асуудалд дараагийн удирдлага хариуцлага хүлээх ёсгүй байхгүй юу. Харин аудитын шалгалтын дүн яаж гарсан талаар хаана, хэзээ зарлах вэ. Эсвэл огт зарлахгүй байх уу гэдэг нь тухайн удирдлагын л асуудал. 2024 оны сонгуульд намаа удирдаж орох удирдлагын баг яах вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Харин шударга зарчмын үүднээс намынхаа гишүүдэд зарлах ёстой. Мэдээлэл ил тод байх ёстой, гэхдээ нам дотроо.

2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр манай намын Их хурал хуралдана гэсэн товтой байгаа. Намын Их хурлаараа дараагийн намын даргыг сонгох дүрмийг хэлэлцэнэ. Дүрмээрээ бид бүх гишүүдээсээ намын даргаа сонгох уу. Эсвэл намын Их хурлаар даргаа сонгох уу гэдгээ шийднэ. Дараа нь энэ ондоо юм уу, эсвэл 2021 он гарахаар намын даргаа сонгож таарна. Шинээр сонгогдсон намын дарга аудитын мэдээллийг яаж ашиглахаа өөрөө шийдэх байх. АН-ын мөнгө санхүүтэй холбоотой асуудал одоо ховын шинжтэй л байна. 2021 оны нэгдүгээр сар гэхэд намын дарга албан ёсоор баталгаажих байх гэж баримжаалж байгаа. Тэр хүн ямар мэдээлэл хийх нь бүрэн эрхийг нь асуудал. Түүнээс биш хүний өмнөөс бид шийдвэр гаргаад хэрэггүй.

 АН-д дараагийн үе гараад ирсэн гэж хэлж болно

-УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын шинэчлэл ярьсан олон залуучууд гарсан. Мундаг залуучууд ч их байсан. Тэд үүрэг, хариуцлагаа үүрч, орон нутгийн сонгуульд өрсөлдөх болов уу гэж харж байлаа. УИХ-ын сонгууль өрсөлдсөн, тодорхой хэмжээнд олон танигдсан цөөнгүй залуучууд бий. Тэд ч бас үүрэг хариуцлага хүлээх болов уу гэж санасан. Гэтэл өрсөлдсөнгүй. Наад захын жишээ татахад, С.Эрдэнэболд гэх зэрэг залуучууд байгаа шүү дээ. Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөд ялалт байгуулах магадлал өндөртэй. Нэр дэвшигчдийг шалгаруулах шалгаруулалтаа яаж хийсэн юм бэ. Тэр залуучууд өөрсдөө өрсөлдөхгүй гэсэн юм болов уу?

-21 аймаг, 9 дүүрэг, нэмэх нь нийслэлд нэр дэвшиж өрсөлдөнө. Маш олон газар манай залуучууд нэр дэвшиж байгаа. Одоо АН-д дараагийн үе гараад ирсэн гэж хэлж болно. 35-45 насны идэр залуучууд нэр дэвшиж байна. 1975-1985 оны хооронд төрсөн, туршлага, мэдлэг, чадвартай, орон нутагтаа танигдсан залуучууд нийслэлийн АН-аас нэр дэвшиж байгаа.  Олонд танигдсан хүмүүс нь яагаад нэр дэвшсэнгүй вэ гэж асууж байна. Олон шалтгаантай. Нам доторх хамтын шийдвэр гаргадаг. Нэг хэсэг хүн л УИХ-д ч, орон нутагтаа ч нэр дэвшээд байвал учир дутагдалтай. Зарим залуучууд санхүүгийн хувьд ачаалал үүрчихсэн. УИХ-д нэр дэвшихэд ямар их зардалтай билээ. Аудитын газраас зардлын хэмжээг хэд гэж заасан билээ. 700 сая төгрөгт хүрч ч байх шиг. Одоо ч ил болж дээ, олон хүн зардлынхаа дээд хэмжээнд тулгаж мөнгө зарцуулж байна. Их мөнгө зарцуулж байгаа нь том компанитай л хүмүүс байгаа шүү дээ. Өөрийн чинь нэр дурьдсан С.Эрдэнэболд шиг залуучууд их хэмжээний мөнгө санхүү гаргахад хэцүү.

Тухайлбал, миний өрсөлдсөн тойрог 120 мянган хүн амтай. 50 мянга орчим өрхтэй. Нэг сурталчилгааны материалыг хэвлүүлэхэд 5000 төгрөгт багтана. 40 мянган хувь хэвлэхэд л 200 сая төгрөг шаардлагатай болдог. Мань мэт шиг хүмүүст энэ зардал чинь хэцүү шүү дээ. Тиймээс хэвлэлийн хуудсандаа хүрэхгүй, нимгэн тараах материал л цөөн хувиар хэвлэж байх жишээтэй. 

-Дахин дахин зардал гаргаад, сонгуульд оролцоод байх залуучууд цөөн байна гэсэн үг байх нь?

-Ерөөсөө л тийм. Орон нутгийн сонгууль болохоор УИХ-ын сонгуульд баг болж, ухуулагчаар ажилласан залуучууд бүгд дүүргүүдэд нэр дэвшдэг. Том компанитай, хөрөнгө мөнгөтэй хүмүүс бол ажилчдаа ажиллуулдаг. Гэтэл залуучуудад юу байгаа юм. УИХ-ын сонгуулиар намынх нь залуучууд чадлаараа тусалж байсан. Гэтэл орон нутгийн сонгуулиар тусалж байсан хүмүүс нь өөрсдөө нэр дэвшчихдэг.  Тэгэхээр хүнгүй болчихдог. Энэ мэтээр олон шалтгаан бий. Ялангуяа залуучууд УИХ-д нэр дэвшинэ гэдэг маш их ачаалал авдаг юм билээ.  Манайд сонгогчдын боловсрол муу байгаа. Эрх баригчид сонгогчдыг үнэхээр доромжилж чадаж байна. 21 хоногт багтаад энэ хэдээс нэгийг нь сонго гээд өгчихдөг. 20, 30 настай залуучууд нэр дэвшигчдийг таньдаггүй. 21 хоногт танилцах ч боломжгүй. Уг нь дөрвөн жилийн турш энэ тойрогт нэр дэвших боломжтой улстөрчдийн мэдээллийг байнга хүргэж байх ёстой юм. Гэтэл манайд сонгуулийн хуулиа яаж батлах нь мэдэгдэхгүй байгаад л байдаг. Тэгснээ сонгуулийн өмнөх жилийн арванхоёрдугаар сард баталдаг. Хэн аль тойрогт нэр дэвших гэж байгаа нь бас мэдэгдэхгүй. Байж байж байгаад сонгуулиас хоёр сарын өмнө гэнэт гараад ирдэг. 

Тэгээд л баахан хүмүүс томилолт авсан юм шиг нэг аймаг, дүүрэгт очоод “Би л хамгийн сайн нь” гээд гүйдэг.  Тэднийг нь иргэд таньдаггүй. Таних боломж ч олгодоггүй. 21 хоногт 120 мянган хүнд хүрнэ гэдэг бэрх шүү дээ. 40 гаруй мянган өрхөөр орж, өөрийгөө таниулна гэж угаасаа байхгүй. Тэр хүмүүс чинь ажлын өдөр ажлаа л хийнэ. Гуравхан удаа амралтын өдрүүд таарна. Амралтын өдрөө гэр орноо цэвэрлэхээс авахуулаад хувийнхаа ажлыг амжуулна. Улс төрийн мэдээлэл авах боломж байх уу. Энэ чинь иргэдийнхээ мэдэх эрхийг л боомилж байгаагийн жишээ. Сонгуулиа ямар хуулиар явуулах нь тодорхойгүй. Сонгууль болгоны өмнө сольдог. Дандаа ингэж тодорхойгүй байлгадаг. Энэ чинь л улсын хөгжлөөс хойш татаж байгаа нэг жишээ. Бид зөв хүнээ төлөөлөл болгох боломжгүй байна. Энэ хэдээс нэгийг нь сонго гээд л өгчихдөг. Уг нь сонгогчид “Бид энэ хүнийг л өөрсдийнхөө төлөөллөөр явуулмаар байна” гэдэг эрхтэй байх ёстой юм.

-Танай намын залуучуудтай ярилцаж байсан. Тэдний хэлээд байгаа зүйл нь АН залуучууддаа боломж олгож байгаагүй. Гэтэл МАН энэ хугацаанд 3-4 үе сольчихлоо. Өнөөх л 50, 60-аад оны төлөөлөл нь эрх мэдлээ хувааж авсаар ирсэн гэж ярьдаг. Нэг талаасаа энэ үнэний ортой гэж би боддог. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Аливаа зүйлийг том зургаар нь харах хэрэгтэй. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 30 жилийн хугацаанд МАН 26-д төр барьсан. 26 жил төр барихаар байнгын сонгогддог хүмүүс нь л дахин дахин гарч ирээд байвал энэ нам чинь сүйрчихдэг юм байгаа биз дээ. Ардын нам сайндаа биш. Хүссэн хүсээгүй үе нь солигдож явахгүй бол оршин тогтнох боломжгүй. Эрх барьж байгаа нам автоматаар өөрчлөлт хийдэг. Одоо ч гэсэн У.Хүрэлсүх 2016-2020 онд ажилласан хүмүүсээ бүгдийг нь солиод л байгаа биз дээ. Энэ өөрөө том намын зовлон байдаг.

 Гэтэл БНН, Иргэний зориг нам, МАХН-д хэдхэн лидер нь одоо болтол улс төр хийгээд явж л байна. Тэр хүмүүс 20 жилийн өмнө л байсан. Одоо ч байж л байна. Би энэ жишээгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, төр бариагүй нам гэдэг маш хэцүү. Үзэл санаагаараа нэгдсэн хүмүүс байдаг. Харин тэр том байгууллагыг урт хугацаанд авч явна гэдэг хүн болгоны хийж чадах зүйл биш. Хэн нэгэн залуу гарч ирээд, ИЗНН, МАХН-ыг удирдаад аваад явж чадах уу. Хэцүү. Маш том алтны компанитай захирал залуу л удирддаггүй юм бол зардал мөнгийг нь дийлэхгүй. Намын дэргэдэх олон байгууллага, судалгаа, шинжилгээний бүтэц гэж бий. Сонгуульд өрсөлдөхийн тулд байнга судалгаа, шинжилгээ хийнэ.  Маш их зардалтай. Тэрийг даагаад явах залуу цөөхөн.

АН-ын хувьд УИХ-д олон, цөөн гишүүд сонгогддог. Аймаг, нийслэлд ялалт байгуулдаг. Манай намын ардчиллын лидерүүд ээлжилж амжилтад хүрсэн. Гэхдээ бүрэн гүйцэд олонх болж чадаагүй. МАН шиг олон жил төр барьсан намын эсрэг өрсөлдөөд ялчих магадлалтай нь нөгөө л хүмүүс байсан. Өөр сонголт байгаагүй. Нэгэнт танигдсан хүмүүс нь тэд л байж таарсан. Өөр залуучууд явуулахаар ялах ямар ч боломжгүй. Ялагдсан нам нөгөө хэдэн лидерээ сольчихоор хоосон л хоцордог.  2012 онд пропорционал тогтолцоотой сонгууль болсон учраас АН хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд ялалт байгуулсан. Тэр дөрвөн жилд түүхэндээ байгаагүй хамгийн их ажил хийсэн. Тэр үед бид МАХН-тай, МАН-тай ч хамтарсан. Хамтарсан Засгийн газрын үед ажил маш сайн явдаг юм байна л гэж би боддог.  Одоо АН нийслэлд олонх болж чадвал цоо шинэ залуучуудын баг орж ирнэ. Ялж байгаа тохиолдолд шинэчлэгдээд л явдаг юм.

 -АН хэрвээ орон нутгийн сонгуульд ялбал ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлчихсон байгаа байх. Бодлогын гол цөм нь юу вэ. Нийслэлд шийдэх асуудалд толгой дахь үснээс ч их байна?

-Тэгш бус байдлыг л арилгах ёстой. Жишээлбэл, жирийн иргэний болон даргын хүүхэд дэндүү ялгаатай орчинд амьдраад байгаа нь тэгш бус байдаг. Тэгш бус байдлыг л арилгахын төлөө бид хичээх хэрэгтэй. Өнөөдөр баян, ядуугийн ялгаа хэт их болсон. Зарим нь хувийнхаа байшин руу төрийн мөнгөөр засмал зам тавиулж байна. Гэтэл хүлцэнгүй байснаараа гэр хорооллын иргэд хохирчихсон. Орон нутагт амьдарч байгаа иргэд Улаанбаатар хотод орж ирж байгаа нь буруу биш шүү дээ. Орон нутагт амьдрахад эдийн засгийн орчин хэцүү байна. Тэнд бизнесийн орчин байхгүй, ажилгүйдэл, ядуурал их байгаа. Тийм байхад Улаанбаатар ирээд, ах, дүүгээ бараадаж, гэр хороололд буухгүй гээд яах юм. Төр иргэдээ зүгээр л хаячихсан. Тиймээс бид иргэнийхээ орлогыг л нэмэгдүүлэх ёстой. Өнөөдөр зээлгүй хүн Монголд алга. Сард олж байгаа орлого нь зарлагаа давахгүй байгаа учраас хэн нэгнээс, эсвэл банкнаас зээл авч байна. Улаанбаатар хотын иргэдийн 60-70 хувь нь гэр хороололд, хэцүү нөхцөлд амьдарч байгаа.

Гэтэл нэг хэсэг нь хэтэрхий их баяжчихсан. Улаанбаатарт хоёр хот байна. Зайсан гэдэг нэг хот, гэр хороолол гэдэг өөр нэг хот байгаа. Энэ байдал цаашид даамжрах юм бол Улаанбаатар хотын ирээдүй юу болох юм. Яармаг гээд сайхан газар байсныг дэд бүтэцжүүлээд, дүүрэн байшин барьчихлаа. Яагаад гэр хороолол руу дэд бүтэц татаад, баячууд нь ч, дундаж амьдралтай иргэд нь ч амьдардаг газрыг бий болгож болдоггүй юм. Өнгөрсөн хугацаанд энэ төрийн удирдлагууд аж ахуйн нэгжүүдэд ашигтай л шийдвэр гаргаж ирсэн. Нэг орон сууцны хороолол барихад зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Иргэн рүү чиглэсэн биш аж ахуйн нэгжүүдийг л дэмжсэн бодлого л барьдаг. Төр зөвшөөрөл өгөхдөө зүгээр л нэг өндөр байшин барихыг дэмжээд байна. Одоо энэ хотоо хар л даа. Хонгконг биш дээ, бид чинь газартай улсын иргэд биз дээ.  Хэрвээ ардчилсан үзэлтэй хүмүүс төр барьвал энэ тэгш бус байдлыг л арилгахын төлөө ажиллана.

-Тэгш бус байдлыг арилгана гэдэг чинь хэт ерөнхий байна. Бага орлогото хүмүүсийнхээ орлогыг нэмэх юм уу. Гэр хороолол руу дэд бүтэц татах уу. Ямар шийдэл нь тэгш бус байдлыг арилгахад илүү нөлөөлөх юм?

-Нэг л зүйл хийлээ гээд асуудал цэгцэрдэггүй. Олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байж л өөрчлөгдөх ёстой. Гэр хороололд дахин төлөвлөлт хийхэд асуудал гардаг. Жишээлбэл, Ганданд очоод газар чөлөөлөх гэхээр маш өндөр төлбөр шаарддаг. Хотыг хөгжүүлэхийн тулд олон зүйлийг цэгцлэх ёстой байдаг юм. Эхний ээлжинд хотоо олон төвт болгон хөгжүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хот Сүхбаатарын талбай гэх нэг л төвтэй. Төв талбай тойрсон нэг км квадрат талбайд 20, 30 кофе шоп, бүх номын сан, үзвэр үйлчилгээний газрууд байна. Тиймдээ ч төв рүүгээ л чихээд байгаа. Хотын зах руу явахаар тэнд үзвэр үйлчилгээний газар ч байхгүй. Тийм байхад иргэд хотын зах руу явахыг бодох уу. Хотынхоо төвлөрлийг задлах бодлого барьж, олон төвт хотыг байгуулах хэрэгтэй. Жишээлбэл, Хавдар судлалын болон халдвартын эмнэлэг хотын төвд байна. Мөнгө, санхүүгийн бололцоотой бол Налайх руу гаргах ч юм уу. Мэдээж тэр эмнэлгүүдэд олон хүн ажилладаг, үйлчлүүлдэг учраас хот руу хурдан ирж, очдог нөхцлийг хангах ёстой байх. Харин байрыг нь дүүргийн эмнэлэг ч юм уу болгочихвол зүгээр.

Тэгэхгүй болохоор үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлдэг хоёр том газар нэг дор байна. Нэмээд “Нарантуул” зах хажууд байгаа. Үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлдэг 3 том газар нэг дор байж байх жишээтэй. Цагаан сараар тэр хавьд юу болдог билээ. Нам гацдаг биз дээ. Энэ мэт төвлөрлийг л задалж, тэлэх бодлого барих хэрэгтэй байна.

-Хотыг тэлж хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна уу. Эсвэл тийм бодлого хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм уу. Та юу гэж бодож байна?

-Энэ тогтолцооны гажуудалтай л холбоотой юм уу даа. Жишээлбэл, эрх баригч нам хотын даргыг намаасаа томилчихдог. 2016 онд С.Батболд гэдэг хүнийг томилчихсон. Ард түмнээс биш намаас сонгогдсон дарга. Тэр хүн иргэдээс нэг ч санал аваагүй. Тийм дарга иргэдэд биш намдаа л үйлчилнэ биз дээ. Тэр хүний үүрэг нь хотод үйлчлэх биш болсон. Ингэж улс төрийн томилгоо хийхээр дөрвөн жил улс төр л хийдэг болохоос биш иргэн рүүгээ чиглэсэн бодлого нь алдагддаг. Саяхныг болтол сургуулийн захирлыг УИХ-ын гишүүн томилдог. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд сургуулийн захирал томилдог гэдэг нь бараг ил болчихлоо доо. Уг нь тухайн сургуульд явж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд өөрсдийнхөө хүссэн захирлыг томилж, ажиллуулах хэрэгтэй биз дээ. Гэтэл шийдвэр эрх баригчдын Бүлгийн хурлаас л гардаг. Энэ өөрөө гажуудал.

УИХ-ын гишүүн сумын сургуулийн дээврийн засварыг хийхийг бараг шийдэж байна. Уг нь тэр чинь орон нутгийн ажил биз дээ. Зүүний үзэлтэй нам төрийг удаан барихаар улам данхайлгадаг, иргэн рүүгээ чиглэсэн ажил хийдэггүй гэх мэтийн сөрөг дагаврууд их байна. Үүнээс л шалтгаалж хот тэлэхгүй байгаа юм. Тэргүүн эгнээнд хэрэгцээтэй байгаа ажлаа хийе гэхээр анхан шатанд нь эрх мэдэл байдаггүй. Хорооны Засаг дарга юу хийдэг юм бэ гэж иргэд гомдоллодог. Хорооны Засаг даргад нягтлан ч байхгүй, данс байдаггүй юм шүү дээ. Сандал авахын тулд дүүргийн Тамгын газар руу явдаг. Дүүргийн Тамгын газар өөрийнхөө хэмжээнд сандал зэргийг шийднэ. Харин дүүрэгтээ цас арилгадаг машин авъя гэвэл нийслэлээс асуудаг. Уг нь анхан шатанд нь эрх мэдэл өгөөд, нэн шаардлагатай ажлыг нь хийлгэх хэрэгтэй юм. Тэд эрх мэдэлтэй болчихвол "Энд нэг хүн хальтраад уначихдаг юм. Засчихъя. Энэ хэсэг харанхуй, хулгай гараад байдаг юм гэрэлтүүлэгтэй болгоод камер тавьчихъя гээд шийдчихнэ.  УИХ-ын гишүүн тойрогтоо хэзээ очих уу. Тэр хүн очоод, “Аа энд камер тавих хэрэгтэй юм байна” гэж бодоод, оновчтой ажил хийтэл удна даа. Төрийн толгой хэт томорчихсон, хөл нь жижигхэн болчихсон.

1000 автобус явуулахын тулд нийслэлээс жилд 120 тэрбум төгрөг өгч байхад нийтийн тээврийг үнэгүй болгох боломж байна

-Түгжрэлийг яаж бууруулах вэ гэдэг л ойрын өдрүүдийн хамгийн хурц сэдэв болоод байна. Та хэлсэн байсан, нийтийн тээврийг үнэгүй болгоё гэж. Үнэтэй учраас автобусанд суухгүй байгаа юм биш үү дээ. Хүртээмж нь муу, хүйтэн, тав тухын талаар яриад ч хэрэггүй, зорчигчид нь чихэлддэг гэх мэт шалтгаанаас болоод иргэд автобусанд суухыг хүсэхгүй байна. Та ямар судалгааг үндэслэж тэр саналыг гаргасан юм бол?

-Сүүлийн 30 орчим жил автомашины хэрэглээ дэлхий даяар нэмэгдсэн. Зөвхөн Монголд нэмэгдээд байгаа юм биш. Дэлхийн хотуудын асуудал түгжрэл болсон. Бээжин, Токио, Москва ч тэр. Машины хэрэглээ эрс өссөнтэй л холбоотой. Хүн болгон машин унаад, дагаад дэд бүтцийг нь хөгжүүлж, шийдээд явна гэдэг маш хүндрэлтэй. Шууд хот барих асуудал л дагаж босож ирдэг. Лондон, Парис, Сөүл гэх зэрэг олон зуун жилийн түүхтэй хотуудад хуучин байшин барилгуудаа бүгдийг нь нураагаад, зогсоол болгоод, зам бариад байж чадахгүй. Гэтэл машин хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдээд байдаг. Улаанбаатар хот 500 мянган хүнтэй байхад машин унах боломжтой бүх хүн унаатай байхад асуудалгүй шүү дээ. Гэтэл одоо Улаанбаатар 1.3 сая хүнтэй. Удахгүй 2 сая хүнтэй болох нь ойлгомжгүй. Хүн ам нь өсөхийн хэрээр автомашины тоо нэмэгдэнэ. Бидний хоол хүнсийг түгээдэг машинуудын тоо ч нэмэгдэх нь ойлгомжтой.

Тэгвэл үүний эсрэг дэлхийн хотууд юу хийж байна гэхээр нийтийн тээврийг хөгжүүлдэг. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Өвлийн хүйтэнд цэцэрлэг, сургуулийн хүүхдээ тэврээд автобус хүлээвэл хэцүү биз дээ. Өглөө 07:00 цагт маш хүйтэн байдаг. Хүүхдээ ганцааранг нь явуулах эрсдэлтэй. Энэ бүхнээс үүдээд хүүхдээ хүргэж өгч, авдаг. Улаанбаатарын онцлогоос шалтгаалаад машинтай явахаас өөр аргагүйд хүрч байна. Тэгвэл энэ онцлогтойгоо уялдуулсан зохицуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын төвд байгаа төрийн байгууллагын ажилчид машинтай ирээд, бүх зогсоолоо дүүргэчихдэг. Уг нь үйлчлүүлэх гэж байгаа хүмүүс нь машинаа зогсоогоод, үйлчилгээгээ авчихаад явдаг байвал зөв. 

Дагаад нийтийн тээврээ маш сайн хөгжүүлэх ёстой юм. Автобусыг богино эргэлтээр явдаг болгох хэрэгтэй. Мөн экспресс автобусыг хөгжүүлэх шаардлагатай. Одоо манай автобусны зохицуулалтыг харахад, хамгийн ашигтай шугамд нь аль танил талтай нь л яваад байх шиг байдаг юм. Улаанбаатарт 17 нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани байдаг юм билээ. 1000 орчим автобус үйлчилгээнд гаргадаг. Жилдээ 120 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зүгээр л май гээд өгдөг. Нийслэлийн төсөв чинь 1 их наяд гаруй төгрөг байдаг. Түүнийхээ 10 хувийг автобусанд өгч байгаа биз. 120 тэрбум төгрөгийн 30 орчим хувь нь үнэгүй явдаг иргэдийн татаасанд явдаг юм. Гэтэл ямар ч үндэслэлгүй шалтгаанаар сүүлийн 5 жил цаг ашиглалтын мөнгө нь 30 тэрбумаас 80 болтлоо өссөн. Зүгээр цагаа барьж ажилла гэж өгч байгаа л мөнгө. Энэ мөнгийг л ямар ч үндэслэлгүйгээр нэмчихсэн. 120 орчим тэрбум төгрөг өгөөд, 1000 автобус өдөр болгон явуулж байна. Тэгэхээр чинь угаасаа л автобус үнэгүй явчих боломжтой л юм билээ. Автобусаа үнэгүй болгоод, эргэлтийг нь богино болгочихоор хүмүүс ирсэн нийтийн тээврийн унаа болгонд суугаад яваад байж болно. Би гэнэт л ийм санаа гаргаад ирсэн юм биш. Люксембург, Испани гэх мэт улсуудад хэрэгжүүлээд, амжилтад хүрчихсэн.

-Түгжрэл нь тодорхой хувиар буурсан байх нь уу?

-Маш сайн буурсан. Дээрээс нь нийтийн тээврийн ашиглалт өссөн. Зарим чиглэлийн автобус нь хоосон, зарим нь багтахгүй их хүнтэй байдаг даа. Энэ бол тооцоо судалгаа буруу байгааг л харуулж байна. Нэгэнт автобус явж байгаа бол тэнд 5 хүн суусан ч адилхан зардал гарна. 80 суусан ч адилхан л зардал гарна биз дээ. Тиймээс ашиглалтаа нэмэгдүүлэхийн төлөө зөв тооцоолол, судалгаа хийх хэрэгтэй байна.

-Тэгш, сондгойгоор хязгаарлах хэрэгтэй гэж амтай болгон яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манайхны нэг асуудал байна. Нэг л зүйл хийгээд асуудлыг шийдчихнэ гэж бодоод байдаг. Ганцхан шийдвэрээр асуудлыг засах боломжгүй. Олон жил бие нь өвдсөн хүнд ганцхан тариа хийгээд эдгээх гээд байгаатай л ялгаагүй. Уг нь өвчнийг уг үндсээр нь эдгээхийн тулд бусад бүх эрхтэнд нь тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй. Түүнтэй адилхан хотын хамгийн тулгамдсан асуудлыг зөвхөн тэгш, сондгойгоор явуулснаар шийднэ гэж байхгүй шүү дээ. Хотыг онгоцны буудал шиг л маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Цагийн хуваариас эхлээд бүх зүйлийг цогцоор нь шийдэх л ёстой. Тэгж байж асуудал шийдэгдэнэ. 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.15Зочин   • 2020, 10 сарын 5. 20 цаг 51 минут

МАН н нэр дэвшигч сая тв ярьж байна би хөдөөнийх ч хотын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэнээ, яахаараа ийм малнууд сонгогдохын тулд ийм юм ичих ч үгүй яриад сууж байдаг байна аа

202.131.246.154иргэн   • 2020, 10 сарын 5. 16 цаг 46 минут

Энэ чинь нөгөө эмэгтэй хүн зодсон гээд байдаг нөхөр мөн биз дээ. БЗД-ийн Засаг дарга байхдаа баахан л шуугиулаад байсан нөхөр шиг л байх юм. Ёс зүйгүй л нөхөр шиг байсийм, улам л дээшээ яваад байхиймдаа. АН ч ийм юмнуудаар удирдуулаад сүйрэх вий дээ.

202.55.191.194Болд   • 2020, 10 сарын 5. 16 цаг 02 минут

Энэ тэнэг шаараас болж манай АРДЧИЛСАН намын нэр хүнд шороотой хутгалдаж сонгуульд ялагдсан, намаас минь зайлж үз

202.126.88.64Зочин   • 2020, 10 сарын 5. 15 цаг 39 минут

Unen sh dee darga nariig dandaa nam ni songodog ene bdaliig uurchilmuurduu

49.0.156.20Зочин   • 2020, 10 сарын 5. 15 цаг 21 минут

Хоосон цэцэрхсэн ийм юмнууд л юмыг үймүүлж дундаас нь албан тушаал горилж явах юм Чи ажил хийж чадах уу

43.242.243.22зочин   • 2020, 10 сарын 5. 14 цаг 54 минут

өөрөө ч гэсэн АН-ын томилгоогоор Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилласан биз дээ. Тэр үедээ энэ саналаа хэлэхээ яасын

202.55.188.88Зочин   • 2020, 10 сарын 5. 14 цаг 20 минут

Гончигоо амжилт

43.228.130.186zochin   • 2020, 10 сарын 5. 13 цаг 10 минут

emegtei khuniig yaj deerelhej bailaa. odoo bolohoor shal hudlaa yrisan khun. bah erdenetei yg ijil togtvorgui, hudalch, buduuleg khun

202.131.243.186Зочин   • 2020, 10 сарын 5. 11 цаг 51 минут

Суурь ухагдхуунаа мэдэхгүй, ийм юм яриад сууж байхаар энэ хүнээс юу ч хүлээх билээ. Иргэд сонгоно гэдэг чинь шийдвэр гаргах түвшинд төлөөллөө оруулж байгаа хэлбэр шүү дээ. Ядаж энэ мэтийн залуус нь ***** юм ярихаа больчихмоор байна.

66.181.176.163зочин   • 2020, 10 сарын 5. 11 цаг 48 минут

Баянзүрх дүүргийн Засаг даргад Пүрэвдавааг АН томилж намынхаа төлөө ажиллаад дууссан шүү дээ. Тэр үед энэ үгээ хэлэхгүй, одоо Нийслэлийн Засаг дарга болж бантагнуулах санаатай. Эхлээд АН-ын төв байртай, даргатай болоод, намаа бутраасан, мөнгийг нь завшсан нөхөд нь залуустаа зайгаа тавьж өгөөд өөрсдийгөө цэгцлээд сонгуульд орсон бол зүгээр юм даа. Худал амлалт, худал ярих хэрэггүй. Нэр дэвшигчид нь Намын туг, тэмдэгээ сурталчилгааны оруулахаас ичдэг бололтой. Ухуулгын сонин сэтгүүл, гудамжинд буй зурагт самбарыг ажиглаарай.

202.21.127.183Зочин   • 2020, 10 сарын 5. 11 цаг 34 минут

худлаа ярьдаг бөгөөд ёс зүйгүй хүн

202.126.92.98зочин   • 2020, 10 сарын 5. 11 цаг 21 минут

юу ярьж байгаагаа мэдэж байгаа юмуу даа энэ *****

202.9.46.172Bataa   • 2020, 10 сарын 5. 11 цаг 21 минут

АН ынхан ингэж яриад 30жил боллоо доо. Хөдөөнийхнийг бүгдыг н хотод авчраад ажил хийлгэхгүй тэтгэмж өгөөд, автобусанд үнэгүй суулгаад юу вэ энэ нөхөр чинь МАХН д элсчих юм уу АН тарчихсан юм уу...

192.82.65.224Зочин   • 2020, 10 сарын 5. 10 цаг 50 минут

хар хэрээ

49.0.147.33зочин   • 2020, 10 сарын 5. 10 цаг 50 минут

үгээ олохгүй л байна даа.хэдэн жил амарвал яасиим.

202.179.25.139зочин   • 2020, 10 сарын 5. 10 цаг 22 минут

Харин ч ЗГ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Засаг дарга нараа томилдог байх нь чухал, тэгснээр хариуцлагаа ч үүрнэ. Муу ажиллабал ард түмэн дүнгээ тавина, тэгээд л дуусаа. Гэтэл одоо яаж бна, өмнө ЗГ нь 76 гишүүддээ барьцаалагдсан байсан бол одооноос гарч байх жишээтэй, бүх шатны Засаг дарга нар мөн ИХ*ын төлөөлөгчиддөө барьцаалагдсан, 4 жил зөвхөн тэдэнд үйлчилсээр байгаад л таардаг. Үйлчилхгүй бол нийлж байгаад сольчих нь үнэн солиотой. Харин босоо тогтолцоотой бол унах л юм бол дусаа учир дахин сонгохдохын тулд ажиллаж л таарна.

66.181.161.121зочин   • 2020, 10 сарын 5. 10 цаг 18 минут

Яг үнэндээ одоо ч гэсэн нам нь сонгож байгаа шүүү дээ. Чи ч гэсэн нам дагаж намирч байгаад дарга болох гэж байгаа

202.131.243.186Зочин   • 2020, 10 сарын 5. 10 цаг 23 минут

ха ха хэлээд тавьчлаа...

202.126.89.169зочин   • 2020, 10 сарын 5. 9 цаг 53 минут

Пүрэвдавааг засаг даргад сонгох ямар ч боломжгүй юм байна даа. Тэр Ардчилсан намын албан тушаалтан биз дээ: Тэгээд чи юуны төлөө сонгуулд яваад байгаа юм. Худлаа олон түмний толгой эргүүлэх хэрэггүй.

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 5. 9 цаг 44 минут

ЭЛбэгдоржтой хөтлөлцөөл гүйгээд байсан нөхр одоо хэнтэй үнсэлцээд шааж яваа бол энэ одоо

66.181.182.212Зочин   • 2020, 10 сарын 5. 9 цаг 37 минут

Зайлаааа хө

202.126.90.18Зочин   • 2020, 10 сарын 5. 9 цаг 34 минут

Mal mn zail

192.82.77.63ккк   • 2020, 10 сарын 5. 9 цаг 30 минут

юу ч хийгээгүй чадахч үгүй Баянзүрхэд байхдаа юуч хийгээгүй худлаа гар одоо нэх мундаг хүн шиг худлаа солиотой гар

202.9.46.249хүчирхийлэгч   • 2020, 10 сарын 5. 9 цаг 22 минут

шаадаг шаалтуур эмэгтэй хүн зоддог хүчирхийлэгч.

103.80.210.106зочин   • 2020, 10 сарын 5. 8 цаг 08 минут

өөрөө Засаг дарга байхдаа хэний төлөө ажиллаж байсан нь ойлгомжтой байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.