2020 оны 10-р сарын 12
7 цаг 50 минут

Н.Дариймаа: Хугарчихаар нь төмөр барьж боосон модон нумтайгаа л дэлхийн аварга, олимпын наадамд  оролцож байлаа

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа байт харвааны спортын 50 жилийн түүхийг бичиж яваа дасгалжуулагч Н.Дариймааг урьж, ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол, тэмдгээр шагнуулаад удаагүй байгаа билээ.

1972 оны олимпын наадамд дасгалжуулагчтай оролцсон бол медальт байр эзлэх боломж байсан

-Байт харвааны спортын түүхэнд бүхий л амьдралаа зориулан зүтгэсэн нөр их хөдөлмөрийг тань Төрөөс үнэлж, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол, тэмдгээр шагналаа. Та манай үзэгч, уншигчдад сэтгэгдлээ хуваалцаач?

-Байт харвааны спортоор 17, 18 наснаасаа эхлээд л хичээллэсэн. Тамирчин ч байсан, сургуулиа ч төгссөн, дасгалжуулагчаар ч олон жил ажилласан байна. Олон сайхан тамирчныг төрүүлж гаргалаа. Төр, засаг маань энэ хүн байт харвааны спортыг хөгжүүлэхийн тулд олон жил ажиллаж, ийм үр дүн гаргажээ. Цаашид ч илүү үр дүн гаргах боломжтой гэж үзэж, урам өгч, Гавьяат дасгалжуулагч цол, тэмдгээр шагнасанд маш их баярлаж, талархаж байна.

-Байт харвааны спорт манайд хөгжөөд 60 жил болж байна. Энэ хугацаанд төрсөн гурав дахь гавьяат нь та болж байна уу?

-Би зургаа дахь гавьяат нь. 2012 оноос хойш тасраад байсан юм. Гурван тамирчин, хоёр дасгалжуулагч гавьяат болж байлаа. Дасгалжуулагчийнхаа хувьд би гурав дахь гавьяат нь юм.

-Та 1970-аад оны үед дэлхийн аварга, олимпын наадамд оролцож явсан шилдэг тамирчин. Тамирчин байх үеийн он жилүүдээ эргээд нэг дурсвал?

-1967, 1968  онд би оюутан болж байлаа. Биеийн тамирын дээд сургуульд элсэж орсон. Тэр үед би хөнгөн атлетикийн нэгдүгээр зэргийн тамирчин байсан юм. Гэтэл нэгдүгээр курст байхад миний анхны багш байт харваа гэж ийм спорт байдаг юм гэж танилцуулж, оруулсан. Өглөө хичээлдээ яваад, үдээс хойш бэлтгэлээ хийнэ. Тэмцээн, уралдаанд ч оролцоно. Зургаан сарын дараа гэхэд спортын мастерын болзол биелүүлсэн. Шигшээ багийн тамирчин ч болсон. 1968 оноос эхлээд байт харвааны спортын тамирчин байх замнал эхэлсэн дээ. 1969 оноос Олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. 1971 онд ДАШТ-д оролцож байлаа. Тэр ДАШТ-нээс Монгол Улс анхныхаа дэлхийн аваргыг өлгийдөж авсан юм шүү дээ.

Д.Дэмбэрэл гэдэг хүн 30 метрийн зайн харваанд түрүүлж, дэлхийн аварга болсон. Би анхны дэлхийн аваргатай хамт ДАШТ-д оролцсон юм. 30 метрт Дэмбээ эгч маань алтан медаль авч, би зургадугаар байрт шалгарч байлаа. Түүний дараа 1972 оны Мюнхэний олимпын наадамд оролцсон. Их залуу ч байж, бэлтгэлээ ч маш сайн хийсэн. Тэмцээний эхэнд маш сайн өрсөлдөж явсан юм. Одоог бодвол дүрэм арай өөр байсан. Дөрвөн зайгаа хоёр удаа давтаж харвадаг байлаа. Дөрөв дэх өдрөө хамгийн ойрын зайгаа харваад дуусахад би нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт бичигдэж байсан юм. 50, 30 метр харваад л тэмцээн дуусах ёстой байдаг. Формоо хадгалаад харвачихвал байр эзлэх нь ойлгомжтой. Гэтэл 50 метрийн зай эхлэхэд нуманд гарсан техникийн алдаагаа анзаарч засаагүйгээс болоод боломжоо алдчихсан. Тамирчин байхад нум, эд хэрэгслийг багш бэлтгээд өгчихдөг байлаа. Тухайн үед багш хажууд байгаагүй, хуралд явчихсан байсан юм.

-Дасгалжуулагчгүй оролцсон юм уу?

-Одоо бодоход яах гэж ч тамирнаа хаяад хуралд явсан юм. Тухайн үед 12, 13 сум жаахан тааруу харвасан. Ингээд л байр доошлоод явчихсан. Нөхөж харвасан ч гүйцэхэд бэрх. Бүгдийг нь 10-аар буудаад ч гүйцэх боломжгүй. 50 метр дуусахад 9 дүгээр байрт орсон явсан. 30 метр эхэлсэн. Дэлхийн шилдэг тамирчид ойр зайнд гадуур харвана гэж байхгүй. Бүгд л 10 оноод л явчихна. Би 330 л буудсан, гүйцээгүй, 14 дүгээр байрт шалгарсан түүхтэй. 1973 ондоо би тамирчныхаа замналыг түр завсарлуулж, ээж болсон. Улмаар 1974 оны өвлийн бэлтгэлээс эхлээд спортдоо эргэж ирсэн. 1975 оны дэлхийн аваргад оролцоод, 22 дугаар байрт орсон юм. Миний зорилго 1976 оны олимпын наадам байлаа. Маш сайн бэлтгэж, өмнөх олимпын наадмын алдаагаа засна гэсэн тамирчин хүний чин сэтгэлтэй л явсан. Тамирчин хүний амжилт гэдэг яг тэр орчин нөхцөл, хугацаанд л тохиодог юм билээ. Дараа нь нөхөөд авна гэдэг боломж муутай. Дутуугаа гүйцээнэ гэж бодож очсон ч 1976 оны олимпын наадамд би 22 дугаар байрт орсон.

Олимпын наадамд оролцоход их гоё байсан. Тэр үед электоран самбар гэж байгаагүй. Тамирчны нэрсийг улстай нь бичсэн модон самбартай л байлаа. Миний нэр эхний 8, 9, 10-аар л солигдоод, их сайхан л санагдаж байж билээ. Олимпын наадамд оролцсоныхоо дараа би багш болохоор шийдсэн. Өөрөө амжилт гаргаж чадаагүй, боломжоо алдсан. Тиймээс сайн тамирчин бэлтгэж, медаль авахуулна гэж зорьж, дасгалжуулагч болсон. Тухайн үед надад сайхан сайхан саналууд ирж л байсан. Их, дээд сургуульд багшлахаас эхлээд. Гэвч өөрийнхөө зорилго, хүсэлдээ автаж, дасгалжуулагч болох ёстой гэж зүтгээд л “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагчаар очсондоо.

-1970-аад оны үед эмэгтэй багаараа ДАШТ-үүдэд нэлээд амжилттай оролцож байсан юм билээ?

-1969, 1973, 1975 оны ДАШТ-д их амжилттай оролцож байлаа. Эмэгтэй баг дэлхийн аваргад эхний 8 байрт шалгардаг, хүчтэй өрсөлдөгч байсан юм. Дэлхийн аварга Д.Дэмбэрэл гуай, н.Занаа хоёртой нэг баг болж оролцоно. Н.Ичинхорлоо гэдэг тамирчин бас байлаа, бид хүчтэй баг бүрдүүлсэн юм шүү.  Намайг оюутан байхдаа энэ спортоор хичээллэхээр ирж байхад дээд үеийнхэн маань нэлээд ахимаг насны тамирчид байлаа. 30 гаруй, 40 давсан настай л хүмүүс байв. Би л бараг хамгийн бага нь. Түшигтэй, халамжтай ах, эгч нарын дунд орж ирж, тамирчин хүн ямар байх ёстойг суралцаж, хөгжиж явсан даа. 1978 оноос дасгалжуулагч болоод, хүүхдүүдтэй ажилласан. Өөрөө яаж харваж байсан, ямар техникийг эзэмших ёстой юм гэдгийг хүүхдүүдэд зааж, анхны суурийг нь тавьж өгсөн. Миний анхны багш техник талаас нь суурийг зөв тавьж байсан юм билээ, одоо бодоход.

1983 он хүртэл “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагч хийсэн. Биеийн тамир спортын үндэсний хорооны дэргэд Спорт сургалтын төв гэж 1983 онд байгуулагдахад дасгалжуулагчаар очсон. Тэр үед БТСУХ-д шигшээ баг болоод хүүхдүүдтэй ажилладаг Монголын хамгийн шилдэг дасгалжуулагчид харьяалагддаг байлаа. 30, 40 шилдэг дасгалжуулагчийн дунд орж ажиллах болсон нь ур чадвараа дээшлүүлэх, суралцах, сэтгэх, санаачлах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон. Би тэгэхэд 30 гаруйхан настай залуу байлаа. Би чинь биеийн тамирын багшаар л төгссөн хүн. Дасгалжуулагч, биеийн тамирын багш хоёр чинь тэс өөр ажил шүү дээ. Тиймээс тэр олон мундаг хүмүүсийн дунд ажиллахдаа дасгалжуулагч ямар байх ёстойг сурч, мэдсэн юм.

Хугараад зассан модон нумаар олимпын наадамд харваж байлаа

 

-Улсын рекордыг 13 удаа шинэчилж байсан юм билээ. Байт харвааны тамирчныхаа хувьд та бусдаас хавь илүү чадвартай байж гэдэг нь үүнээс харагдана. Тэр үеийн дурсамжаас эргээд нэг сөхвөл?

-1968 онд намайг байт харвааны спортоор хичээллэж эхлэхэд Монголд хөгжөөд 7, 8-хан жил болж байлаа. Модон нум гэхээр та нар мэдэхгүй дээ. Монгол гэрийн унь шиг л нарийнхан нум байдаг байлаа. Сургалтынх нь нум. Сургалт ч юу байхав дээ, түүгээр чинь харваж, тэмцээнд оролцдог байсан. Бага гарын нум гэдэг байсан юм. ОХУ-аас хэдэн сургалтын нум ирсэн, түүгээр нь харвадаг байв. Байт харвааны спорт хөгжөөд хэдхэн жил болж байсан болохоор амжилтын нягтаршил бага байсан. Залуу хүн шигшээд орж ирээд, зургаахан сар болоод спортын мастер болчихоор итгэл найдвар өгнө.  Хамт олон, багш нар, улсын байгууллагууд бүгдээрээ л найдалгүй яахав.  Тэр үед Америкаас  hoyt medalist гэдэг модон нум ирсэн. Тэр нумаараа хэдэн жил харвасан юм. Гэтэл олимпын наадамд оролцохоос 3, 4-хөн сарын өмнө өнөөх модон нум маань голоороо хугарчихдаг юм байна.  Өөр нум байхгүй, захиалж авах гэхээр хугацаа бага.

Манай багт н.Долгор гэж гарын дүйтэй хүн байлаа. “Хөдөлмөр” нийгэмлэгт очиход миний шавиар ирсэн юм. Тэр хүн багштай хамтраад нумыг голоор нь нэвт өрөмдөж байгаад, хоёр талд нь төмрөөр барьж бэхлээд, боолтоор боогоод өгчихсөн. Наалтаараа салчихаар нэвт өрөмдөөд, боочихож байгаа хэрэг. Тэр боолттой нумаараа олимпын наадамд оролцож, харваж байлаа.

-Гадаадын тамирчид мэргэжлийн, гоё нумаараа л харваж таарах байлгүй?

-Мэдээж одоогийн түвшнийхтэй харьцуулшгүй л дээ. Ялгаагүй л модон нум, гэхдээ юу гэж хадаатай байх билээ. Тэр үед голдуу модон нумаар, төмөр сумаар харвадаг байсан. Бид сум захиалсан чинь зүгээр төмөр турбо ирсэн. Тэрийг өнгө будгаар гоёод, хээ тавиад тэмцээнд харваж байлаа. Олон сумгүй, нэг хүнд 4, 5 байвал их юм. Гуравхан сумаар л харвана. Харваж байхад ац нь уначихвал хадгалж байгаа хоёр суман дээрээ ац, өдөө наагаад л солиод харвана. Өд нь уначихвал дор нь наагаад харвана шүү дээ. Ийм л нөхцөл байдалтай байлаа. Одооны хүүхдүүд сонсвол үлгэр шиг л байгаа биз. Тийм байлаа гээд бид шантарч байсангүй. Ийм л байдаг гэдэг утгаараа хандаж байснаас тэгэхгүй байна, ингэхгүй байна  гэж гомдол гаргаж байсан удаагүй.

1975 оны дэлхийн аваргад оролцохдоо ч нөгөө хугарч хадсан нумаараа оролцож байсан.  Харин 1976 оны олимпын өмнө Америкаас hoyt гэдэг угсардаг нум ирсэн. Түүгээрээ 1976 оны олимпын наадамд харвасан.  1970-аад оны дундуур улсын аварга болоход их, бага гарын нумаар нь ялгаж харвуулна. Бага гарынх нь ойрын зайд. Их гарынх нь хол зайд харвадаг байлаа. Эрэгтэй нь 90, 70, 50, 30, эмэгтэй нь 70, 60, 50, 30 гэсэн дөрвөн зайнаас харвана. Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа болдог байлаа. Тэгэхэд би 10 удаа улсын аварга болж байлаа. Хоёр удаа спартикадын аварга болсон. Зай зайндаа рекорд тогтооно. Улсын аварга цөөхөн болсон учраас 10 удаа л түрүүлсэн. Жил болгон болж байсан бол тоо нь нэмэгдэх л байсан байх. 13 удаа улсын рекордыг шинэчлэн тогтоосон.

Нэгэнт түүх ярьж байгаа учраас өнгөрснийг үнэнээр нь ярья гэж бодож байна. Тэр үед барьж байгаа нумын стандарт ч тиймхэн байлаа, дөнгөж хичээллэж эхэлж байсан. Тийм болохоор дөрвөн зайд хамгийн дээд талдаа 750 л онодог байсан. Ихэнхдээ 600 гаруй л ононо. Гэхдээ хичээсээр байгаад өөрийнхөө оноог 200-гаар нэмэгдүүлсэн. Спортын мастерын болзлыг 980 оноогоор давуулж биелүүлсэн. 1969 оноос эхлээд 1000 оноо харваж эхэлсэн. 1969 онд манайхаас 8 тамирчин ДАШТ-д оролцож байлаа. 8 тамирчин бүгдээрээ 1000 онооны стандартыг биелүүлж, “Чингисийн монголчууд гайхалтай байлаа” хэмээн хэвлэлээр хүртэл бичиж байлаа.

Зах зээлийн шуурганд спорт хүртэл өртөхөд би байт харваагаа орхиогүй юм шүү

 

-Монгол Улс нум сум, байт харвааны арвин их түүхтэй. Чингис хааны үед бид нум сумаа агсаж, дэлхийн талыг эзэлж явсан. Энэ утгаараа байт харваа Монголд хөгжих асан өндөр боломжтой. Одоогийн нөхцөл байдал ямар байна?

-Байт харвааны хөгжлийг 10, 10 жилээр тооцож болно. 1960-1970, 1970-1980, 1980-1990, 1990-2000 он хүртэл. Улмаар 2000-2010, тэгээд өнөөдрийг хүртэл хөгжиж байна. 10 жил дотор олимпын наадам хоёр удаа болно. 1990-ээд он хүртэл спорт сайн хөгжиж байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед спортод их анхаарсан. Харин 1990-ээд оны дунд үеэс нийгэм өөрчлөгдөхөд спорт хүртэл тэр шуурганд өртсөн. Спорт бие дааж хөгжих боломж бага болсон. Гэсэн ч би спортоо орхиогүй юм шүү. Спорт сургалтын төвд 1996 оны олимпын наадам дуустал дасгалжуулагчаа хийсэн. Спортынхон 1996 оны олимпын наадамд яаж ийгээд л тамирчдаа бэлтгэж оруулсан. 1993 онд байт харвааны шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Би дэлхийн спортын түвшин ямар хэмжээнд байна, дасгалжуулалтын арга барил хэрхэн өөрчлөгдөв, яаж ажиллах ёстой вэ гэдэг мэдээллийг авахыг хүсэж байлаа. Тэр үед мэдээлэл авах суваг гэж байхгүй, нүдээр харахаас өөр аргагүй. Тиймдээ ч гадаад явж, тэмцээн уралдаанд зайлшгүй оролцох шаардлагатай байсан.

Миний шавь Цэрэнлонжид бүхэл бүтэн дөрвөн дөрвөн хүний зардлыг даасан юм. Ингээд 1993 онд Турк улсад болсон ДАШТ-д оролцсон. Үлгэр шиг л юм болсон. 14 хоногийн турш явж хүрсэн. Моксвагаар дайраад, Болгар ороод, тэндээсээ Туркийн Анталия хотод очсон. Тэгж байж ДАШТ-д оролцож байлаа. Дэлхийн аваргад дандаа л шинэ залуу тамирчдаа авч явж байсан юм. Ерөөс УАШТ-ий өмнө эхний гурван байрт оролцсон тамирчдаа авч явна гэж зарласан. Тухайн үед би шигшээ багийн дасгалжуулагч учраас байт харвааны спортыг яаж авч явж, хөгжүүлэх вэ, хэрхэн удирдаж явах уу гэдэг бодлогыг зангидаж байсан. Тиймдээ ч гадаад руу явж, тэмцээнд оролцож, үзэх, харах зүйлсээ үзэж, харъя гэдэг бодлого барьсан. Ингээд л ДАШТ-ий өмнөхөн улсын аваргаа зохион байгуулсан. Улсын аваргад 17-хон настай охин 1206 оноогоор түрүүлсэн. Би тэр хүүхдийг шигшээ багийн тамирчин биш байсан ч шууд авч явсан. Тэр тамирчин ОУХМ П.Нарантуяа байсан юм. Мөн н.Отгоныг бас авч явсан. Манайх дажгүй л оролцсон. 20, 30, 40 хэддүгээр байрт шалгарсан. Тэгэхэд манай тамирчид шиг 1970-аад оны нумаар харваж байсан тамирчин байгаагүй юм шүү.

Туркт очоод, тэмцээнд оролцох гээд нумаа тавьчихсан байхад бургас шиг л инээдтэй юм харагдана. Манай хэд нумаасаа ичээд л. Би “Юунаасаа ичдэг юм, харин ч сайн. Чингисийн монголчууд ийм нумаар харваж байгаа мөртлөө бидэнтэй эн зэрэгцэж байна” гэж ярина гэж тайвшруулж байсан. Тэр үед надад Германы “Бимон” гэдэг фирмийн төлөөлөгч 5-6 багц сум бэлэглэсэн. Дор нь өөрийнхөө авч явсан гурван тамирчиндаа 24, 24 сум бэлэглэсэн. Үлдсэнийг ирээд шигшээ багийнхаа тамирчдад өгч байлаа. Туркийн ДАШТ-д оролцсоноор байт харваа дэлхий дахинд ямар хэмжээнд хүрч хөгжсөнийг харж, нэлээд ч зүйлийг суралцсан. Ирээд бэлтгэлээ сайн хийхийн төлөө махран зүтгэж, 1996 оны Аталантын олимпын наадамд хоёр тамирчин сойсон. 

Ж.Отгон, П.Нарантуяа хоёрыгоо аваад, Америк руу явсан. Зам зуураа бөөн асуудал үүсээд, хамаг мөнгөө дуусгаж байлаа. Тайландад очсоныхоо дараа хамаг мөнгөөрөө хоёр тамирчиндаа тийз авч өгөөд нисгэсэн. Өөрөө араас нь тэмцээн эхэлсний орой очсон. Хоол, буудлын мөнгөгүй болоод, далдуу модны ёроолд сууж байгаад л тэмцээнээ дуусгана гэж байлаа шүү дээ. Аз болоход манай нэг бизнесмэн тэнд очсон байсан. Түүний байранд 3, 4-үүлээ чихэлдээд хонодог байлаа.

-Сүүлийн 10 жилд манай байт харвааны спорт харьцангуй сайн хөгжиж байгаа байх. Та одоо өсвөрийн тамирчдыг дасгалжуулж байгаа байх аа?

-1996 оны олимпын наадамд Ж.Отгон оролцоод, 40 дүгээр байрт шалгарсан. Олимпын наадмын өмнөхөн тэмцээний дүрэмд өөрчлөлт орсон. Дөрвөн зайгаа хоёр удаа харвадаг байсан нь больсон. 70 метрээс 24 сум харваад, урагшаа, хойшоо болдог өөрчлөлт орсон. Тухайн нөхцөлд өөрчлөлтдөө сайн дасаагүй зэрэг асуудал байсан. Гэхдээ өөрчлөлтүүд тийм их нөлөөлгүй. Ямар ч байсан тэмцээндээ оролцоод, 40 дүгээр байрт шалгарсан.  Түүний өмнө Ж.Отгон 1992 оны олимпын наадамд багшгүй ганцаараа яваад, 17 дугаар байрт шалгарч байсан юм. 1996 оноос хойш байт харвааны холбооны зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Дарга, удирдлагууд нь солигдсон. Энэ спортоор хичээллэж байсан н.Ганзориг гэдэг залуу холбооны Ерөнхийлөгч болсон. Тухайн үедээ барилгын компанитай байсан юм. Тэр хүн 10 гаруй жил Монголын байт харвааны спортыг нуруундаа үүрч явсан даа. Тэмцээн, уралдаанд тамирчдаа оролцуулах, зардал мөнгийг нь зохицуулах. Шилдэг тамирчдынхаа нум, сумыг авч өгөхөөс эхлээд их ч хөрөнгө зарсан. 

2000, 2004 оны олимпын наадамд байт харвааны тамирчид эрхээ авч, оролцож чадаагүй. Юунаас болсон, яасан гээд ярьвал нарийн нандин зүйл маш их байгаа. Тэр болгоныг ярьвал дуусахгүй. Манай тамирчид тэмцээн уралдаанд оролцоод, бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийгээд л байсан. Энэ дашрамд би нэг зүйлийг бүр тохоон томилж хэлмээр байна. 1996 оны олимпын наадамд оролцчихоод ирсэн чинь шигшээ багуудыг тараагаад, клубын системд шилжүүлчихсэн. Клубын систем гэж юу байдаг, ямар зохион байгуулалттай байдаг гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан өөрсдөө л дор бүрнээ спортоо хөгжүүлж, багш өөрөө тамирчнаа бэлтгэх юм байна. Холбоо өөрсдөө л спортынхоо төлөө ажиллах ёстой гэдгийг мэдэрсэн.  Тэр үед 2-3 сар Хөгжим бүжгийн коллежийн заалыг түрээсэлж, бэлтгэл хийж байлаа. Тухайн үед манай тамирчид үнэхээр сайн байсан. Хэрвээ Азийн аваргад оролцох зардал мөнгө олдсон бол медаль хүртэх хангалттай боломжтой байлаа.

Бэлтгэлээ базаагаад харвах гэтэл бай ч байгаагүй. Чихрийн цаас дэлгэж тавьж байгаад л харваж, бэлтгэлээ хийнэ. 48 метрээс чихрийн цаас харвахад алддаггүй байлаа. Чихрийн цаасны хэмжээгээ тооцвол 9, 10-аас гадагшаа гарахааргүй байсан. Хэрвээ Азийн аваргад явсан бол сайн оролцох нь тодорхой. Бэлтгэл дээд зэргийн хангагдсан үед зардал мөнгөгүйгээс болоод явж чадаагүй дээ.

Вакумжсан орчинд тасралтгүй бэлтгэл хийж байж дэлхий, олимпын медаль хүртэх тамирчин төрж гарна

 

-Одоо манай тамирчид байтаар олимпын хоёр эрх авчихсан байгаа. Өнөөдөр дэлхийд Солонгосын байт харвааны тамирчид шилдэг байна. Тэдний хэмжээнд хүрэхэд юу хэрэгтэй байна вэ?

-Энэ хамгийн чухал сэдэв л дээ. Бид хичээгээд л байгаа боловч одоохондоо тэр хэмжээнд хүрчихээгүй л байна. Би нэгэнт ярилцлагад орж байгаагийнх бүхий л зүйлээ ярихыг хүсэж байна. 2004 оноос хойш улс орон ч эдийн засгийн хувьд өөр боллоо. Өөр системд ч орсон. Улс орны эдийн засаг сайжрахын хэрээр холбоод болон тамирчиддаа зарцуулах хөрөнгө мөнгө ч нэмэгдсэн. Сайн тамирчинд хөрөнгө мөнгө татаагүй шүү. Нум, сумыг нь ч авч өгч эхэлсэн. Тухайн үед шигшээ багийн дасгалжуулагчид сайн ажиллаж байсан. Ц.Бадамхатан багш ажиллаж байлаа. Олон улсын болон дэлхийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. 2008 оны олимпын наадамд манай тамирчид оролцох эрхээ авсан. Ж.Гантөгс, Б.Урантунгалаг хоёр эрхээ авч оролцсон. Эхний 16-д орж байсан. Дэлхийн бүхий л шилдгүүд олимпын наадамд оролцож байгаа шүү дээ. Тэр их өрсөлдөөн дунд 16-д орно гэдэг том амжилт. 

Би 2008 оны паралимпын төрөлд н.Жавзмаа гэдэг тамирчныг бэлтгэж, оролцуулсан. Ц.Бадамхатан багш Д.Баатаржавыг бэлтгэж оролцуулсан. Манай хоёр тамирчин хоёулаа сайн оролцсон. Миний бэлтгэсэн тамирчин 1/8 шигшээд харваж байгаад багахан техникийн алдаа гаргаснаас болж долдугаар байрт шалгарсан. Харин Д.Баатаржав түрүүлсэн. Н.Жавзмаа 2009 онд Азийн гран прид Солонгост болоход нь оролцоод түрүүлсэн. Мөн тэр ондоо пара дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 4 дүгээр байрт орсон.  Гэх мэт сайхан үйл явдлууд болж байсан. Байт харвааны холбоо 2013 оноос бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байт харвааны талбай байгуулсан. Олон улсын стандартын талбайтай болсон байгаа. Байт харвааны холбооны Ерөнхийлөгчөөр П.Цагаан гуайг сонгосон. Дотроо гурван дэд Ерөнхийлөгчтэй. Холбоон дотроо дасгалжуулагчдын, тамирчдын, хяналтын зөвлөл гээд олон зөвлөлтэй. Гэх мэт өндөр бодлого, зохион байгуулалттай болсон.

Одоо байт харвааны холбоонд 7-8 дасгалжуулагч ажиллаж байгаагийн ихэнх нь миний шавь нар. Би одоо Байт харвааны холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа. Бэлтгэл, сургуулилтыг яаж зохион байгуулах вэ. Бэлтгэлжилтийг ямар циклээр зохион байгуулдаг юм, яаж хянах уу гэдгийг зохион байгуулна. Манай улсад Солонгосын хамгийн шилдэг багш нар ирж сургалт хийж байна. Түүнээс үндэслээд би “Сургалт, дасгалжуулалтын арга зүй” гэсэн ном бичиж гаргасан. Байт харвааныхаа сургалтыг Солонгосын маягаар, гэхдээ өөрийнхөө онцлогт тохируулж зааж эхэлсэн.

-Монголын байт харвааны тамирчдад амжилт хэр ойрхон байна вэ. Хэзээ энэ спортынхноос дэлий, олимпын медальтан төрөх боломжтой бол?

-Тамирчин харвах техникээ мэдчихлээ. Харвалтын стандартаа л 100 хувь хийж чадсан тохиолдолд хаанахын, ямар ч шилдэг тамирчныг ялах боломжтой. Ялах уу, ялагдах уу, оноо өндөр авах уу гэдэг нь хувь тамирчинтай холбоотой. Одоо бүх технологи нь бүрдсэн нумаар харваж байгаа. Харин манай тамирчид өндөр түвшинд бэлтгэгдэж байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Тийм болох хэмжээний сургалт, дасгалжуулалтыг удирдаж, зохион байгуулах шаардлагатай. Дэлхийн сургалт, дасгалжуулалтын зарчим гэж байна. Бүр дасгалжуулалтын цикл гэж байгаа. Тэрийг тэд хуваагаад, тэгж тэгж хийхэд тэдэн сар, жилийн дараа тухайн тамирчин ийм чадвартай болно гэж тооцдог. Хэрвээ яг л тэр системээр бэлтгээд, хэвшил болгосон тохиолдолд хэзээ, хаана ч тэмцээн болоход тухайн тамирчин чадах зүйлээ чадна. Тийм нөхцлийг бүрдүүлэх боломжийг хангахад цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Вакумжуулсан бэлтгэл гэж одоо яриад байгаа.

Жишээлбэл, манайхан жилдээ 1200 орчим цагийн бэлтгэл хийж байна. Үүнийг 1500, 1600 цаг болгоод, гэрийн бараа харахгүйгээр бэлтгэл хийвэл сая медальт байранд хүрэх хэмжээний тамирчин төрөх ёстой. Тэгэхгүй одоогийнх шиг бэлтгэлээ хийгээд, гэртээ харьж унтчихаад, өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэчихээд ирээд харвахад учир дутагдал байна шүү дээ. Тийм хэмжээний болгохын төлөө одоо хүртэл бид хичээж байна. Гэтэл боломж бас 100 хувь бүрдэхгүй л байгаа. Гэхдээ манай тамирчид мундаг л байна. Паралимпын наадамд түрүүллээ, дэлхийн аваргад амжилттай оролцож байна, олимпын эрхээ авчихаж байгаа. Энэ дэвшил үү, дэвшил.   Удахгүй дэлхийн шилдэг тамирчид төрөн гарах байх аа гэж боддог. Удахгүй гэдэгт би итгэж байгаа.

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

76.107.165.63иргэн   • 2020, 10 сарын 12. 21 цаг 46 минут

Жонхуурсан дээрэмчинд өнгөт төмөр тараахаас өөр ажил алга уу? Эрдэнэтийн 49 хувийн луйварчидтай хүзүү сээрээрээ холбогдсон явж байгааг чинь монголын ард түмэн мэдэж байгаа шүү. УХНА-г луйврын хэргээр нь дарамтлан бурантагтай тэмээ шиг залж байгааг чинь мэдэж байгаа. Нүдний булай минь, тэр ТАРВАГА-г шоронд хийгээч.

103.212.117.198Шараа Цэнджав,Эгбаатар   • 2020, 10 сарын 12. 11 цаг 12 минут

Сайхан л монгол бүсгүйчүүдийн нэг нь байна даа.Жаргалын Отгоны багш нь юм байна.Отгон бага охин байхаасаа л энэ спортоор хичээллэсэн,юманд их дайчин,эр хүнээс ч илүү охин байсан юм.Бүгдэд нь амжилт хүсъеэ.

66.181.161.21төгсөлтийн анд   • 2020, 10 сарын 12. 10 цаг 35 минут

18 дугаар сургуулийг 1967 онд төгссөн сургуульд байхдаа байт харваагаар хичээллэж байсан юмдаг Инээгээд л явдаг байсан хөөрхөн охин шүү

202.21.111.170Зочин   • 2020, 10 сарын 12. 10 цаг 17 минут

Сайхан эмэгтэй байна бахархмаар

64.119.21.155Зочин   • 2020, 10 сарын 12. 9 цаг 47 минут

Наад хүн чинь хаана төрсөн аль нутгийн хэн гэдэг хүн бэ.Гэр бүл ,үр хүүхэдтэй хүн юм болов уу? Таньд мэдэх юм байна уу.Эх орон гэдгэс гадна эх нутаг нуга гэдэг зүүлт байдаг юм шүү дээ?

202.21.107.82Зочин   • 2020, 10 сарын 12. 12 цаг 03 минут

даваадалайн эхнэр натжавын охин

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.