Испанийн Ла лигийн 6 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хоёр том баг болох "Реал Мадрид", "Барселона" багууд хоёулаа хожигдлоо. Хүснэгтийг тэргүүлж байгаа "Реал Мадрид" энэ тойрогт талбайдаа "Кадис"-ыг хүлээж авч, 0:1-ээр хожигдов. Ингэснээр 10 оноотой хэвээр үлдлээ. Гэхдээ Эзэн хааны баг нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Энэхүү тоглолтын цорын ганц гоолыг 16 дахь минутад Лосано оруулж, багтаа ялалт авчирсан юм. Ингэснээр "Кадис" 6 тойрогт 10 оноотой болж, 3 дугаар байрт бичигдэж байна.
Тэгвэл "Барселона" клуб "Хетафе"-гийн талбайд зочилж, 1:0-ээр хожигдлоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 56 дахь минутад Хайме Мата оруулсан юм. Ингэснээр "Хетафе" 10 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Гэхдээ "Хетафе" нэг тойргийн тоглолт дутуу байгаа. "Барселона"-гийн хувьд 7 оноотой хэвээр үлдэж, 9 дүгээр байрт бичигдэж байна. Гэхдээ "Барса" 4 тойргийн тоглолт л хийсэн. Дутуу хоёр тоглолтдоо хожвол 13 оноотой болж, тэргүүлэгчдийн эгнээнд орно.
Сэтгэгдэл бичих