2020 оны 10-р сарын 19
8 цаг 00 минут

Д.Ундраа: Төрсөн ээж нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн охиныхоо эсрэг мэдүүлэг өгдөг тохиолдол ч байна

- Би шантраад больчихвол энэ хэдэн хүүхдийн төлөө хэн ажиллах юм-   

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа “Үжин” төвийн үүсгэн байгуулагч Д.Ундрааг урьж, ярилцлаа. 

Архи уудаг аав, ажилгүй ээжийн асуудлыг шийдэж байж хүүхэд бүрэн хамгаалагдана

-Сүүлийн үед хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн хэрэг гарлаа. Араас нь нийгэм даяараа л шуугилаа. Төрийн ордонд ч хэлэлцүүлэг өрнүүлээд авсан. Гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг гарахаар л араас нь шуурдаг, хэлэлцдэг. Гэвч үр дүн нь бага байх шиг. Та хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах ажил хийж байгаа хүний хувьд яг энэ үед өөрийнхөө байр суурийг илэрхийлэх байх?

-Олон нийтийг цочролд оруулахаар хэрэг маш их гардаг болсон. Тэр болгоны араас нь хэн нэгнийг буруутгах гэсэн нийтлэг хандлага гарах боллоо. Хүүхдийн өмнө хэн хариуцлага хүлээх ёстой юм. Насанд хүрсэн бүх хүн үүрэг, хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Дээрээс нь, бүх салбарын оролцоотойгоор хүүхэд хамгааллын асуудлыг ярих ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээж байгаа сэтгүүлчид ч бас үүрэгтэй. Анхан шатанд, айл гэр рүү чиглэсэн үйлчилгээг хуулийн дагуу үзүүлэх, эрсдэлийн түвшинг нь судалж ажиллах ёстой төрийн албан хаагчдын үүрэг ч байна. Бүр үүргийг нь хуульчлаад өгчихсөн. Жишээлбэл, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн байвал илрүүлэх, илэрснийх нь дараа нөхцөл байдлын үнэлгээ хийгээд, таарч тохирох үйлчилгээ үзүүлэх гээд олон ажлыг хийх ёстой. Гэмт хэргийн хохирогч, золиос болж байгаа хүүхдүүдэд Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг үйлчилгээ үзүүлэх ёстой юм. Хамтарсан багт Засаг даргаас гадна, өрхийн эмч, хэсгийн төлөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтан, халамжийн ажилтан, ТББ-ын төлөөлөл багтдаг. Сум, орон нутагт бол дотуур байрны багш оролцоно. Энэ бүрэлдэхүүн яг анхан шатанд нь гэр бүлүүдийг сургах, нөлөөллийн ажил хийх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдүүдэд аймаг, дүүргийн хуулийн хэлтсийн даргаар ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо үйлчилгээ үзүүлж байх ёстой. 2019 онд 1598 хүүхэд гэмт хэргийн золиос болчихсон байна. 2020 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 878 хүүхэд гэмт хэргийн золиос болчихож. Тэдний 654 нь сурагч байгаа юм. Яагаад сургуулийн насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болчихов оо гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь сургуулийн захирлаар ахлуулсан хүүхэд хамгааллын баг сургууль болгонд ажиллаж байх ёстой. Энэ багт анги удирдсан багшийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, эмч, дотуур байрныхан багтдаг юм. Гэтэл ковидтой холбоотойгоор сургуулийн үйл ажиллагаа нэг хэсэг тасалдлаа. Яг энэ цаг үед хүүхдүүд гэртээ байх хугацаандаа гэмт хэргийн золиос болчихож. Гэмт хэргийн хохирогч болсон, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нэг номерт гэр бүлийн орчинд л хүчирхийллийн золиос болж байна. 

Манай улс 2016 онд хүүхдийн эрхийн болоод хүүхэд хамгааллын тухай хоёр шинэ хуулийг гаргасан. 2016 оны есдүгээр сарын 1-нээс энэ хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор боловсролын салбарынханд буюу багш, ажилчид, жижүүр, тогооч гэлтгүй бүгд үүрэгтэй болсон. Тухайн сургуульд суралцдаг, хичээл тасалж, зан үйлд нь өөрчлөлт ороод байгаа, архи, тамхи хэрэглэдэг хүүхдүүдтэй зайлшгүй ажиллах ёстой. Илрүүлээд, заавал мэдээлэх хуулийн үүрэг нь сая дурьдсан хүмүүст хамаарна. Гэтэл энэ ажлыг алаг, цоогтой л хийж байна. Зарим газар нь сайн, зарим газраа тааруу үзүүлэлттэй байгаа.

ГБХЗХГ, ЦЕГ дор бүрнээ аян өрнүүлж байна. “Сүүдэр бүү тусга” гэдэг аяныг саяхан өрнүүлээд өнгөрлөө. Засгийн газраас гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байгаа юм. Хэцүү амьдралтай хүүхдэд нэг цүнх, бэлтгэлийн өмд өгснөөр асуудал нь бүрэн шийдэгдэхгүй. Хүүхдийг тийм байдалд оруулсан архи угаад байгаа аав, ажилгүй байгаа ээжийн асуудлыг шийдсэн цагт хүүхэд бүрэн дүүрэн хамгаалагдаж байна гэж ойлгох ёстой.

-Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд цогц арга хэмжээ авах ёстой байх. Хууль, журам нь сайн байх. Эрсдэлт бүлгийн айлуудаа байнга судлах, түүндээ зохицсон үйл ажиллагааг шат шатандаа хийх. Энэ бүхэн цогц болж байж сая гэр бүлийн хүчирхийллээс ангид байх боломжтой болов уу. Гэхдээ цогцоор нь хийх гэхээр яах аргагүй дутах зүйл байгаад байна. Ийм үед аль ажлыг нь түлхүү хийгээд өгвөл гэр бүлийн хүчирхийлэл бага ч болов буурах юм бол?

-2017 оноос хойш Монгол Улс хүүхэд хамгаалалд зарцуулах төсөв баталж өгч байгаа. 2018 онд 6.4, 2019 онд 8 тэрбум төгрөг баталж өгсөн. 2020 онд мөн 8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Манай улсад 1 сая 268 мянган хүүхэд амьдарч байна. Ингээд тооцохоор нэг хүүхэд 6309 төгрөг л оногдоод байгаа юм. Гэтэл манай улс ямаанд 20 мянган төгрөг өгөөд байгаа биз дээ.  Сонсоход 8 тэрбум төгрөг гээд их мөнгө шиг байгаа юм. Гэтэл яг хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлэхэд хаанаа ч хүрэлцэхгүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охин хүүхэд байлаа гэхэд тусгаарлах, сумаас нь аймаг руу хүргэх. Аймгаас Улаанбаатар хот руу авч ирэх, шүүхийн шинжилгээнд оруулах гэх мэтээс авахуулаад маш их асуудал гарч ирнэ. 21 аймаг, 9 дүүрэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын газар, хэлтсүүд ажиллаж байгаа. Тэнд нийтдээ 700 гаруй хүн ажиллаж байна. Гэтэл ГБХЗХГ-т өөрийн гэсэн “хөл” байдаггүй. Өөрөөр хэлбэл, анхны шат буюу сум, хороонд ажилтан байхгүй.

Гэтэл нэг суманд мал аж ахуйн хариуцсан 5 хүн ажиллаж байна. Харин хүүхэд хариуцсан мэргэжилтэн гэж байдаггүй. Сумын нийгмийн бодлогын түшмэл гээд ганцхан л хүн байгаа. Энэ хүнд маш олон ажлыг овоолоод өгчихдөг. Бүхий л зүйлийн нарийн бичгээр томилчихсон. Гэхдээ маш сайн ажилладаг, чин сэтгэлээ зориулж хүүхдийн төлөө зүтгэдэг нийгмийн бодлогын түшмэл зарим суманд байна аа, байна. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Баянговь сумын нэг багийн Засаг дарга байна. Өөрийнхөө хариуцсан багийн бүх гэр бүлийг 43 үзүүлэлтээр судлаад, судалгаа хийчихэж. Миний хариуцаж байгаа багт 400 гаруй өрх байгаа. Тэдний хэд нь хууль ёсны баталгаатай юм, хэчнээн нь хамтран амьдрагч вэ. Архины хамааралтай нөхөртэй нь хэд, хэчнээн нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой вэ. Аль нь гэр бүлийн хүчирхийлэлтэй, хорихоос суллагдсан хүн амьдарч байгаа юм гээд нарийн судалчихсан.

Би 2019 онд 172 суманд очиж ажилласан. Завхан, Говь-Алтай аймгийн бүх, Баян-Өлгий, Хэнтий аймгийн зарим сумдаар явж байлаа. Яг анхан шатанд нь очоод ажиллахаар хуулийг нь таниулаад, арга зүйг нь ойлгуулаад өгчихвөл сайн ажилладаг юм байна. Хамтарсан багийн сургалт гээд л хэдэн хүн аймгийн төвд авчраад, хоёр хоног сургасан болгоод явуулчихдаг. Араас нь хянахгүй бол үр дүнгүй болдог юм байна. Төрийн болоод ТББ чадавхижуулах сургалтаа хийсэн л бол заавал нэг юм уу хоёр сарын дараа сануулах, бататгах байдлаар очиж шалгадаг бол үр дүнд хүрч буйг харж болно. 2018 онд би Баянхонгор аймгийг хоёр тойрсон. 2019 онд ч бас дахиад хоёр тойрсон юм. 2020 онд нэг удаа тойрлоо. Буцаж очоод, сургалтаа бататгаад, шалгаад яваад байгаа гэсэн үг.

Хэдийгээр зарим Засаг дарга мал төвтэй төртэй юм шиг малаа түрүүлж яриад байдаг байсан. Одоо зарим нь өөрчлөгдөж байна. Монголын төр иргэн төвтэй юм байна гэдгийг ярьж эхэллээ. Суманд амьдарч байгаа, бидний хүмүүжүүлж буй энэ хүүхдүүд 2040, 2050 онд орон нутгаа хөгжүүлэх юм байна. Тиймээс бага насанд нь хайраар дутааж болохгүй, чанаргүй боловсрол эзэмшүүлэх ёсгүй. Хүчирхийлэлтэй гэр бүлд амьдраад байвал том хүн болохоороо яах билээ гэдгийг ойлгож, ухаарч эхэлсэн. Харин үүнийг ойлгуулж, ухааруулах сургалтуудыг л бодьтой хийх хэрэгтэй. Түүнээс биш хэлэлцүүлэг, сургалт гээд цүнх, дэвтэр өгөөд хаячихдаг, эргээд хянадаггүй, сануулдаггүй бол үр дүн гарахгүй ээ.

Цагаан дээр хараар бичсэн хууль, журам, стандарт байсаар байтал яагаад хүүхэд гадаа тоглож байгаад унаж бэртээд байна. Яагаад модон жорлонд унаад нас барчихав. Эсвэл хүүхэд зодуулаад эмнэлэгт очоод эмчлүүллээ гэж бодъё. Гэтэл үзэж, эмчилсэн эмч яагаад хуулийн байгууллагад мэдээлдэггүй юм. Түүнээс нь болоод 10-аад хоногийн дараа 2 ой гарантай нялх хүүхэд хойд эцэгтээ зодуулаад нас барж байх жишээтэй. Дүү нь зодуулаад, эмчилгээ хийлгэж байхад нэгдсэн эмнэлгийн эмч 108 утас руу ядаж мэдээлсэн бол ахыг нь аврах боломж байсан. Мөн хорихоос суллагдаж байгаа хүмүүсийн асуудал байна. Өмнө нь хүчирхийлэл үйлдсэн, хүчин хийчихсэн хүмүүсийг хорихоос гарсан л бол эргээд нийгэмшүүлэх ажлыг заавал хийж байх ёстой. “За ийм хүн хорихоос суллагдлаа. Өмнө нь энэ хүн 6 удаа хүн зодсон, хүчирхийлэл үйлдсэн. Та нар хяналтаа сайн тавиарай” гэж очсон сумынх нь хэсгийн төлөөлөгч болоод удирдах хүмүүст нь хэлэх хэрэгтэй. Тэд ч гэсэн нийгэмшүүлэх ажлыг нь хийж байх ёстой. Бид хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн зан үйлийг засахгүй л бол хэцүү.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 97 хувь нь хүүхэд, өндөр настан, эмэгтэйчүүд байгаа. Харин хүчирхийллийг дийлэнхдээ эрчүүд л үйлдэж байна. Яагаад бид хөвгүүдийг багаас нь эмэгтэй хүнийг маш зөвөөр хайрладаг, хүчирхийлэл үйлддэггүй болгож өсгөж болохгүй гэж. Тиймээс багаас нь зааж, сургах хэрэгтэй байна. Хогийг зөвхөн эмэгтэй хүн асгадаг юм биш. Хэн нь ч асгасан болно гэдгийг багаас нь эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нар зааж өгмөөр байна. Ингэсэн цагт л хүчирхийлэл буурна. Мөн мэдээлэх үүрэгтэй хүмүүс нь үүргээ сайн гүйцэтгэвэл. Ядаж л хүүхэд бэртээд, гэмтээд ирэхэд зодуулсан ул мөр байвал хэлэх ёстой газар нь хэлдэг. Эсвэл насанд хүрээгүй, 16 настай охин жирэмсэн болоод ирчихсэн тохиолдолд шууд мэдээлдэг болчихвол энэ хэргүүд даамжрахгүй.

УИХ-ын дарга байрны асуудал шийдэж өгнө гэсэн ч одоохондоо шийдэгдээгүй л байна

 -“Үжин” төвийн үйл ажиллагаа ямархуу байна вэ. Хөрөнгө, мөнгө дутмаг байгаа талаар та цөөнгүй ярьсан. Өнгөрсөн жил УИХ-ын дарга Г.Занданшатар танай төвийн үйл ажиллагаатай танилцаад, байрны асуудал шийдэж өгнө гэж амлаж байсан санагдана. УИХ-ын дарга амлалтаа биелүүлсэн үү?

-2019 оны тавдугаар сарын 8-нд УИХ-ын гишүүн Г.Занданшатар манай төв байрлаж байгаа байранд очиж, үйл ажиллагаатай нь танилцсан. Би бүх зардлаа төрөөс гаргуулна гэж боддоггүй. Гэхдээ нэгэнт хүүхэд хамгааллын хариу үйлдэл үзүүлэх магадлан итгэмжлэлд орчихсон, зарласан тендерт нь оролцоод, санхүүжилтээ авдаг байхад болж байгаа юм. Манай “Үжин” төв байгуулагдсан цагаасаа хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод урт, богино хугацааны нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлээд явж байсан. Энэ хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ маш чухал гэдгийг байнга хэлж ирсэн. 2018 онд төр болон иргэний нийгмийн байгууллагын түншлэл дээр энэ төвийг байгуулсан. 2018 оны зургадугаар сард бид магадлан итгэмжлэлдээ ороод, ГБХЗХГ-аас зөвлөх үйлчилгээний тендер зарлагдахад ялалт байгуулсан. Манай төслийн нэр “Үжин” байсан юм. Ингээд л “Үжин” гэдэг нэр өгөөд, төвөө нээгээд, хүүхдүүдээ авч эхэлсэн. 2018 онд бид урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ ямар ач холбогдолтой байдаг вэ гэдгийг тодорхой хэмжээнд харуулж чадсан.

2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бидний төслийн хугацаа дууссан. Төрийн байгууллага хууль, журмынхаа дагуу шалгаруулалтаа зарлах гээд багагүй хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд бид үүд, хаалгаа хаагаагүй, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Тэр ч битгий хэл хоёр дахь төвөө нээсэн. Нийслэлийн хамгийн их хүчирхийлэл гардаг дүүргүүдэд хоёр төвөө ажиллуулж байна. Өнгөрсөн онд манай төвөөр 196 хүүхэд үйлчлүүлсэн. Нэг сард нь 10, дараа сард нь 8, түүний дараа 15 хүүхэд үйлчлүүлж байх жишээтэй. Жилдээ нийтдээ 196 хүүхэд манай төвд ирсэн. 2019 онд ГБХЗХГ-аас тендер зарласан. 43 сая 250 мянган төгрөгийн хөрөнгө оруулалттай тендер байсан. Хэдийгээр ийм хэмжээний мөнгө төрөөс авсан ч манай төвийн үйл ажиллагаа, цалин мөнгөнд хаанаа ч хүрэхгүй. Нийт зардлын маань 30-40 хувийг л хангадаг. Үлдсэн зардлаа бид өөрсдөө босгодог.

-Үлдсэн зардлаа яаж олдог юм бэ?

-Ном зарна, “Дэлхийн зөн” зэрэг олон улсын болон төрийн байгууллагуудтай хамтарч, анхан шатанд соён гэгээрүүлэх, сургалт нөлөөллийн ажлыг хийдэг. Суманд очиж ажилллаж байгаа чинь үүнтэй холбоотой. Ингэж явж байж би “Үжин” төвийнхөө хаалгыг бариулахгүй, хэдэн хүнийхээ цалинг тасалчихалгүй өгч яваа юм. 2020 онд манайх нийслэлийн ГБХЗХГ-аас 11 сая төгрөг л авсан. Одоогоор өөр санхүүжилт аваагүй байна. Энэ хугацаанд нойртой, нойргүй явж, номоо зарж, санхүүжилтээ босгоод л яваа. Энэ жилийн дүнгээ есдүгээр сарын 30-ны байдлаар гаргаж үзэхэд, 112 хүүхдэд нийгэм, сэтгэл зүйн урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлсэн байна. Эрсдэлийн түвшин хамгийн өндөр хүүхдүүдийг хүлээж авч байгаа. Амиа хорлох оролдлого хийсэн, жирэмсэн, үр хөндүүлсэн, сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байгаа хүүхдүүдийг 21 аймаг, 9 дүүргээс хамгаалах байрнаас дамжуулж, маш нууцлалтайгаар авдаг.

Мөн ЦЕГ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Манай руу хохирогчийн хамгааллын хүрээнд хүүхдүүдээ өгч, ажилладаг. Энд гар, бие, сэтгэл нийлсэн хэдэн бүсгүйчүүд л үзэж тарж байна даа. Зүтгэсээр л явна.

-Би түрүүнд танаас Г.Занданшатар дарга амласан амлалтаа биелүүлсэн үү гэж асуусан. Та хариулсангүй?

-Одоо болтол шийдэгдээгүй л байгаа. Аливаа асуудлыг шийдэх гээд явах юм. Явахаар эргээд журам зөрччих гээд хэцүү байх юмаа. Байрны асуудлыг судлаад, шийдэх гээд явтал журмаараа түрээсгүйгээр ямар ч боломжгүй. Гэтэл надад хувь хүнээс болоод төрөөс түрээслэхэд ямар ч ялгаа байхгүй. Хэрвээ түрээс нь үндсэн төлбөртөө ордог байр авах боломж байна уу гэтэл ТББ-д өгдөггүй юм байна.

-Уг нь та түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаад, хэдэн жилийн дараа “Үжин” төвдөө өөрийн гэсэн байртай болчих гээд байгаа юм байна, тийм үү?

-Ерөөсөө л тийм. Хэрвээ ийм боломж байвал манай төвд хэрэгтэй байгаа юм. Одоо хамгийн багадаа 800 мянга, ихдээ 1.5 сая төгрөгөөр жижиг хаус түрээсэлдэг. Энэ мөнгийг би хувь хүнд л өгөөд байгаа юм. Бидэнд өөрт ямар ч өгөөжгүй. Тиймээс түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагддаг бол хэчнээн аятай байх билээ. Ганцхан манай “Үжин” төв биш. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага бий. Тэд ч гэсэн өөрийн гэсэн байртай болбол хэчнээн сайн билээ. Гэтэл хууль, журам нь болохгүй гээд л гацдаг. Түүнээс биш ГБХЗХГ-аас НОСК руу холбож өгөөд, аль болохоор л бүтээх талаас нь хөөцөлдөж үзсэн. Эцэстээ хууль, журам нь болохгүй гэдэг хананд тулаад л зогссон. Одоогоор түрээсийн байрандаа л байна.  Уг нь УИХ-ын гишүүн С.Чинзориг сайдаар ажиллаж байхдаа “Үжин” төвийн байрны асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлж л байсан. Гэсэн одоо болтол биелээгүй байгаа. Болох байх гэж хүлээгээд л сууж байна.

2020 оны сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөрт бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудад урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлийн асуудлуудыг тусгасанд би их баяртай байгаа. Дээрээс нь 2019 оны тавдугаар сарын 21-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон. Ерөнхий сайд Эрүүл мэндийн яаманд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудтай холбоотой нөхөн сэргээх эмчилгээ, үзлэг оношлогооны зарим зардлыг ЭМД-ын системд оруулах үүргийг өгсөн. Одоо болтол энэ үүргийг хэрэгжүүлэх гэж байгаа эсэх нь мэдэгдэхгүй л байна. Хүн болгон л хэлдэг, заавал төрөөс авах ёстой юм уу гэж. Гэхдээ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд гэдэг төрөөс хамгийн их анхаарах ёстой хэсэг шүү. Энэ оны есдүгээр сарын байдлаар 170 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэдэг тоо байна. Энэ хохирогчдын хэд нь нөхөн сэргээх, сэтгэл заслын, боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа билээ гэдгийг бодох л хэрэгтэй гэж хардаг.

Монголд тураалтай хүүхэд байна гэдэг гамшиг байхгүй юу

 -Та түрүүнд энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 100 гаруй хүүхэд “Үжин” төвөөр үйлчлүүлсэн гэж хэлсэн. Бүгд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд үү?

-112 гэдэг тоо чинь сар болгоны байрласан хүүхдүүдийн давхардсан тоо шүү. Кэйсээрээ ярьвал арай буурна. Бүгд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд. Нэг хүүхэд нь манайд магадгүй 8 сар болно. Зарим нь 3 сар ч болдог. Сар болгон манайх хүүхдийнхээ тоог гаргадаг. Нэгдүгээр сард 8 хүүхэд байлаа гэж бодъё. Хоёрдугаар сард 14 хүүхэд байна гээд тооцоод явахаар 112 болоод байгаа юм. Харин хүүхдийн тооны тал хувь нь кэйс байдаг. 2019 оны арваннэгдүгээр сараас бид очих газаргүй, зайлшгүй урт хугацааны үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч ажилласан. Тураалтай, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг авч ажиллаж байна. Үр дүн ч сайн гарсан гэдгийг Нийслэлийн Гэр бүлийн газрын мэргэжилтнүүд хэлж байгаа. 4 настай мөртлөө тураалд ороод, хэдхэн сартай юм шиг харагддаг хүүхдийг хэвийн жинтэй болгож байлаа. Огт алхаж чаддаггүй хүүхдийг алхдаг болгосон гээд эерэг үр дүнгүүд гарч байгаа.

Манайхтай адилхан хамгаалах байртай хэд хэдэн ТББ бий. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ч гэдэг юм уу. Энэ байгууллагууд яг л манайхтай адил хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явдаг. Нэгэнт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал чиглэлд арга зүйгээ бий болгочихсон энэ мэт байгууллагуудаа төр нь жаахан дэмжээд өгөх хэрэгтэй л байгаа юм. Хүүхэд хамгаалал, хүчирхийлэлтэй ажилладаг байгууллагад хүний нөөц гэдэг маш хүнд.  Халаасан дахь мөнгөөр таски, унаанд зарцуулаад, хүүхдийн живх авч өгөөд явж байгаа олон мянган нийгмийн ажилтнууд байна.  Монгол Улс 330 гаруй сумтай гэдэг. Сум болгонд байгаа нийгмийн бодлогын түшмэл дааж давшгүй олон үүрэгтэй болчихдог. Боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, зорилтод гэр бүл гээд маш олон асуудлыг ганцхан хүн хариуцаад ажилладаг. Гэтэл хажууд нь мал хариуцсан 5 хүн ажиллаад байна. ГБХЗХГ гэдэг агентлагийг хөлтэй болгомоор байгаа юм. Хөдөлмөр халамж гэхээр л хороо, сум болгонд халамжийн мэргэжилтэн байдаг. Нийгмийн даатгалын асуудал хариуцсан хүн сум, хороо болгонд байгаа. Гэтэл хүүхэд, гэр бүл хариуцаж ажилладаг хүн алга. Огт өөр асуудал хариуцсан хүнд л давхар тохоож өгдөг. Дээрээс нь хамтарсан баг нь төсөвгүй. Бүгдээрээ чиг үүрэг нь өөр.  Хэсгийн төлөөлөгч нь өөрөө ажилтай. Сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмнэлэг нь ч чиг үүрэг нь тусдаа. Баг, хорооны Засаг дарга чинь ч тусдаа ажилтай хүн. Гэтэл давхар хүүхэд хамгааллын үүргийг хуульчлаад, үүрэгжүүлээд өгчихсөн. Ямар ч урамшууллын системгүй. Ийм л маягтай ажиллаж байна.

-Уг нь гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах нэг үндсэн ажилтан сум, хороонд байх ёстой л юм байна. Тэр хүн эрсдэлийн үнэлгээгээ судлаад, айл, өрхөөрөө ордог ажлаа хийгээд явбал хамтарсан багаас илүү үр дүнтэй юм биш үү?

-Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэдэг улс орон болгонд л байгаа асуудал. Үүнийг янз бүрийн замаар л шийддэг. Манай улс болохоор хуулиндаа хамтарсан баг ажиллана гээд заагаад өгчихсөн. Хамтарсан багаа мундаг ажиллуулж байгаа Засаг дарга байна. Баянхонгор аймгийн Баянговь, Баянцагаан, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нарыг би дурдаж болно. Тэгэхээр ялгаа харагдаж байгаа биз. Ямар хүн нь ажиллаад, ямар нь ажиллахгүй байна вэ. Сэтгэлтэй хүн нь ажлаа хийгээд байгаа байхгүй юу. Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан. Төсвийн мөнгөөр барьсан барилга байшин, зам ярих уу. Эсвэл гэр бүл рүү хандаад, архины хамааралтай аав, ээж байвал засаад, ажилтай болгоод, хүн рүүгээ хандсан бодлого явуулах нь дээр үү гэдгийг олж харсан Засаг дарга арай л өөр байна. Монгол Улсын хэмжээнд 676 орчим хамтарсан баг ажиллаж байна. Энд 5000 орчим төрийн албан хаагч ажиллаж байгаа байхгүй юу.

Гэтэл ИТХ-аараа төсвөө батлуулчихсан цөөхөн хамтарсан баг байгаа. Уг нь хуулиндаа орон нутгийн төсөвтөө мөнгө суулга гэсэн заалттай. Өмнөговь аймгийн Цогтцэций гэж сум байна. 20 мянган хүн байнга наашаа, цаашаа ирж очдог, хөдөлгөөнтэй газар. Тэр сумын хамтарсан баг нь ИТХ-аараа 55 сая төгрөгийн төсөв батлуулчихсан байна. Урьдчилсан сэргийлэх ажлаа тэр төсвөөрөө хийдэг. Өнөөдөр Монголд тэмбүүгүй сум гэж алга. Бүх сум, баг, хороонд тураалтай хүүхэд байна. Тураалтай хүүхэд байна гэдэг бол гамшиг байхгүй юу.  Багахан хоол хүнс, каш олдохгүй байна гэж байхгүй. Гэтэл хүүхдээ үл хайхраад, тураалд оруулаад байгаа эцэг, эхийг яах вэ. 10 настай хүүхдэд 7-хон сартай нялх үрээ орхичихоод, нөхөртэйгээ нийлээд архидаад явж байгаа ээжийг яах юм бэ. Хүчирхийлэл гэдэг гэр бүлийн асуудал, эцэг, эхийн үүрэг хариуцлага суларсантай холбоотой.

-Гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг бүх хүн заавал мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ иргэд, зарим албан тушаалтан, эмч мэргэжилтнүүд ч биелүүлэхгүй л байгаа талаар та түрүүнд дурдсан даа. Хүүхдээ үл хайхарсан тохиолдол ч бас мэдэгдэж л байх ёстой биз дээ?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заавал мэдүүлэх үүргийг оруулж өгсөн. Хажуу талын айл чинь архидан согтуураад байвал мэдэгд гэж. Хүүхэд хамгааллын хуульд ч бас заалт бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй айл байвал заавал мэдээлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд ч бас ийм заалт бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 28.3-т хүүхдийн дэргэд архидан согтуурахыг хориглочихсон. Энэ заалтуудыг хашаа, орц болгонд, худаг бүр дээр наах хэрэгтэй байна. Цэцэрлэгээс хүүхдээ авах гээд ирж байгаа эцэг, эхчүүд хүртэл уншихаар нааж яагаад болохгүй гэж. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг салбар бүрийн л үүрэг. Тэрний ажил гэж хаямааргүй байгаа юм. Би хувьдаа ГБХЗХГ гэдэг энэ агентлагийг тохируулагч болговол зүгээр гэж боддог. Одоо болохоор хэрэгжүүлэгч агентлаг. Адилхан хэрэгжүүлэгч байж бусад руу хандахад хэцүү шүү дээ. Тохируулагч болгочихвол арай өөр.

Түүнээс гадна, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэргэдээ хүүхдийн хүчирхийллийн асуудал хариуцсан ажлын албатай болбол зүгээр юм шиг санагддаг. Яг энэ асуудлыг хариуцдаг, яамдуудыг базаж байдаг. Тэгвэл энэ ажил илүү үр дүнд хүрэх болов уу гэж би боддог. 

Төрсөн ээж нь охиныхоо эсрэг мэдүүлэг өгдөг тохиолдол ч байна

-Та “Үжин” төвийн төрөөс авдаг төсөв нийт зардлын 30 хувийг л хангах хэмжээнийх гэсэн. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудыг хүлээж авдаг, урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага гэж алга. Танайх л энэ чиглэлээр дагнаж ажилладаг газар. Тэгэхээр зайлшгүй байх шаардлагатай байгууллага. Гэтэл зайлшгүй байх шаардлагатай байгууллагад яагаад 100 хувь төсвийг нь олгочихож болдоггүй юм бол. Танайд жилдээ хэчнээн төгрөгийн төсөв хэрэгтэй байдаг вэ?

-Төртэй ТББ хамтарч ажиллахаар ажиллагсдын цалин гэж авч болдоггүй. Төрийн мөнгийг ТББ-д гэрээгээр олгох гэж байгаа тохиолдолд маш өндөр шаардлага, шалгууртай. Хууль тогтоомж нь тийм учраас 100 хувь төрөөс авах боломжгүй. Гэхдээ би 100 хувийн төсөв огт хүсэхгүй байгаа.

-Яагаад?

-Би заавал энэ ажлыг хийх албагүй л дээ. Зарим хүмүүс намайг “Чи албатай юм шиг өөрөө сайн дураараа хийж байж” гэж хэлдэг. Нээрээ үнэн л дээ. Гэхдээ миний сэтгэл өвдөөд байна. Монгол Улс болдог бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг мэдээлэл, дуудлага авсан даруйдаа л тусгаарлаж баймаар байгаа юм. Тэгээгүйгээс болоод маш олон хэрэг мөрдөн шалгах шатнаас хэрэгсэхгүй болдог. Нөгөө хүүхэд чинь хүчиндүүлээгүй юм байна. Шинжилсэн чинь онгон хальс нь бүтэн байсан гэх мэт тэнэг тэнэг асуудлаас болоод хэрэгсэхгүй болчихдог. Эсвэл нөгөө хүүхэд чинь “Би худлаа ярьсан юм аа” гээд байцаалтаасаа буцдаг. Яагаад гэвэл голдуу ураг төрлийн хүчирхийлэл байдаг. Гэр бүлийн орчинд үйлдэгдчихсэн хүчирхийлэл учраас. Зарим нь мөнгөнөөс болоод мэдүүлгээ буцааж байх жишээтэй.

Төрсөн ээж нь охиныхоо эсрэг мэдүүлэг өгдөг тохиолдол ч байна.  Тиймээс болж л өгвөл давж заалдах шатны шүүх хурал болтол хүүхдийг тусгаарлаад, мөрдөн байцаалтад, шүүх хуралд бэлддэг. Сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг бол эргээд нийгэмшихэд хэрэгтэй. Ирээдүйд тэр хүүхэд ээж, хүний хань болно биз дээ. Гэтэл зарим охидууд эр хүнийг үзэн яддаг болж өсөж байна. Урт хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртчихсөн хүүхдүүдийн зан байдалд өөрчлөлт ордог. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг төр шууд хамгаалалтад авдаг, ядаж гурван сар нөхөн сэргээчихдэг. Цаашлаад жил хүртэлх хугацаанд нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Тэндээ сургууль, цэцэрлэгтээ явдаг. Яг л манай төвийн үзүүлдэг шиг 12 төрлийн цогц үйлчилгээг өгдөг болбол үр дүн нь өөр шүү дээ. 

Монгол Улс Америкийн Засгийн газартай хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн эсрэг хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болсон. Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах болоод бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд тэр мөнгийг зарцуулах юм билээ. Магадгүй энэ хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх төв байгуулагдаад, төр нь ажиллаад эхэлчихвэл болж байна л гэж харж байгаа. Манай төв нийт хохирогчдын 10, 20 хүрэхгүй хувьд нь л үйлчилж чадаж байна. “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүд” гээд ТББ-ууд бий. Тэд нийгэм, сэтгэл зүйн өдрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ урт хугацаандаа байрлаж, үйлчилгээ авсан хүүхдүүдэд эерэг олон өөрчлөлт гарч байна. 

-Урт хугацаандаа нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг юм байна. Эмчилгээ, үйлчилгээ дууссаны дараа охид буцаад л нөгөө гэр бүл, орчиндоо очно. Мэдээж хүчирхийлэл үйлдсэн хүн тэнд байхгүй, ял шийтгэлээ аваад явсан байдаг л байх. Гэхдээ эрсдэлтэй байдал бий болох, дахин давтаж ирэх тохиолдол гардаг уу?

-Бид төрдөө хүлээлгэж өгдөг. Аймаг, дүүрэгт хүлээлгэж өгнө гэсэн үг. Харин аймаг, дүүргийн удирдлагууд нь сум, хороонд байгаа хамтарсан багт нь хүлээлгэж өгдөг. Хяналтаа тавиарай, эрсдэлийнхээ үнэлгээг хийгээрэй гээд л хүлээлгэж өгнө. Гэр бүлд нь эргэн нэгтгэхээс сар гаруйн өмнө бид бэлтгэж эхэлдэг. Манай нийгмийн ажилтнууд очоод, дүүрэг болон хорооны нийгмийн ажилтнуудтай хамтарч, гэр бүлд нь нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Үнэхээр эрсдэлийн түвшин буурсан уу. Энэ хүүхэд эргээд гэр бүлдээ очих нөхцөл байдал нь бүрдэж үү гэдгийг шалгана. Манай гэр бүлийн эргэн нэгтгэлээс хойш маш хүнд байдалд байгаа хүүхэд ч байна. Эсрэгээрээ сайжирсан нь ч бий. Алаг цоог л байдаг. 100 хувь гэж би хэлж чадахгүй.

-Хэцүү байгаа тохиолдолд яах ёстой юм бэ. Тэгээд орхих уу?

-Хуулиар эрх хүлээсэн Засаг даргын хамтарсан баг, Хууль зүйн хороо хоёртоо л найдна. Орон нутгийн сонгууль болоод дууслаа. Орон нутаг, дүүрэг, хорооны Засаг дарга нар солигдох байх. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэтгэл гаргаж ажиллах Засаг дарга нар гарч ирээсэй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүгдээрээ нийлж, хамтарч ажиллах ёстой. 

Дандаа хүчирхийллийн хохирогч хүүхдүүдтэй ажиллаж байгаа хэдэн мэргэжилтнүүд туйлдчихсан

-Та фэйсбүүктээ бичсэн байсан. Маш их сэтгэл зүйн хямралтай, хүнд зүйлийг үзэж туулсан, амиа хорлох оролдлого хүртэл хийдэг хүүхдүүдтэй ажиллахад бухимдалд их өртдөг. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүний нөөцийн хомсдолд орох юм гэж. Өөрөө хүртэл саяхан эмнэлэгт хэвтээд гарсан гэсэн. Одоо “Үжин” төвд ажиллаж байгаа, мэргэшсэн ажилчид дутагдалтай байна уу?

-Би энэ талаар судалдаг, дуугардаг хүний нэг. 15-16 сургууль нийгмийн ажилтан бэлтгэдэг. 1999 оноос хойш 4000 гаруй нийгмийн ажилтан төгсгөжээ. Одоо 2000-аад нь ажиллаж байна. Халамжийн, сургуулийн нийгмийн ажилтан хийж байгаа. Асрамжийн төвүүдэд ажилладаг. Гэтэл энэ хүмүүсийн нийгмийн хамгаалал үнэхээр хаягдчихсан. 500-600-хан мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Би өөрөө хүүхдийн тусламжийн 108 төвийн даргаар ажиллаж байсан. Миний удирдлагад ажиллаж байсан залуухан охид ажлын байрандаа цус харвасан. Тархины хүнд хавдартай болчихсон байх жишээтэй. Өдөр болгон тэр хүнд мэдээллийг 108 утсаараа сонсоод, зөвлөгөө өгнө гэдэг маш хүнд. Дээрээс нь дандаа хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийн нүдийг харж ажиллаж байгаа хэдэн мэргэжилтнүүд маань туйлдчихсан, халширч эхэлж байна. Цалин бага, хоол, унааны мөнгө гэж байдаггүй. Нэг кейс гарахаар л бүгд тэр хүмүүсийг буруутгадаг, ажил хийхгүй байна гэж хэлдэг. Нийгмийн ажилтнууд, цагдааг л буруутгаад байдаг.

Гэтэл тэр хүүхдүүд хаана явж байсан билээ. Сургуульд, цэцэрлэгт суралцаж байсан уу, байсан. Боловсролын салбарынхан ч гэсэн адилхан хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Эмч, эмнэлгийн ажилчид 2 ой гаруйхан настай нялх хүүхдийг удаа дараа зодуулж байхад нь дуугаараагүй юм, тэгвэл. Тийм учраас нийгмийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудал, цалингийн шатлал, хортой хүнд нөхцлийн асуудлыг бодолцох цаг болсон. Асрамж, халамжийн төвд ажиллаж байгаа хэдэн нийгмийн ажилтнууд хүнд нөхцөлд  байгаа шүү дээ. Бүтэн өнчин, эцэг, эхийн хайр амталж үзээгүй хүүхдүүд гэдэг ажиллахад маш хүнд. Дээрээс нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд. Хоёрхон цагийн дотор хэдэн цагийн ааш авир гаргадаг гэж бодож байна. Байнгын хянуур байхгүй л болохгүй. Манай төвд хутга, хайч ил байж болдогүй. Бүх төрлийн эм хүртэл цоожтой саванд бий. Амиа хорлох гэж оролдох гэх мэт янз бүрийн үйлдэл гаргачих вий дээ гэж  байнгын айдастай байдаг. Бодит байдал ийм л байна.

Улаанбаатар хотод 172 хороо бий. Тэдний хэдэд нь мэргэжлийн нийгмийн ажилтан ажилладаг гэж бодож байна. Ихэнх нь мэргэжлийн бус. Дээрээс нь нэмээд тогтвортой ажилладаг хүн цөөхөн. Сумын нийгмийн бодлогын түшмэлээр агрономич, эдийн засагч хүн ажиллаж байна шүү дээ. Бас л тогтвортой ажиллах хүн байхгүй. Дүүргүүдийн ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн нь тогтохгүй. Залхдаг, шантардаг. Энэ хүмүүст урам, дэмжлэг хэрэгтэй байна. Манай “Үжин” төв анх байгуулагдахдаа дөнгөж төгссөн хүүхдүүдийг ажилд авч байлаа. Гэтэл зарим нь залхаад ажлаасаа гарч байна. Зарим нь ч жирэмсэн болоод явчихдаг. Байнгын стресс дунд байдаг. Түүнээсээ болоод зүрх нь өвдөнө. Түүнээс гадна, хүнд итгэхгүй болж эхэлдэг. Хүүхдээ хөдөө, гадаа явуулаад, аавтай нь үлдээж байгаа мөртлөө л айдас, хүйдэстэй болдог.

-Ажиллаж байгаа орчноосоо болоод байна, тийм үү?

-Ажиллаж байгаа нөхцөл байдлаасаа болоод эр хүнд итгэх итгэл нь буурдаг гэсэн үг. Энэ чинь хүнээ эвдээд байна. Олон улсын жишгээр нэг нийгмийн ажилтанд хэдэн хүүхэд оногдол ёстой юм. Яг тэр жишгээр нь ажиллуулдаг болмоор байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн нэг хороо 20 мянган хүнтэй байлаа гэж бодоход ганцхан нийгмийн ажилтантай. Завхан аймгийн Тосонцэнгэл сум 10 мянган хүнтэй, бас л ганцхан нийгмийн ажилтантай байх жишээний. Зарим сум 900 хүн амтай. Тэнд бас л нэг нийгмийн асуудал хариуцсан хүнтэй. Архины цэгийг квотлох талаар яриад байна. Яг түүнтэй адилхан нийгмийн ажилтнуудаа квотлооч дээ. Нэг нийгмийн ажилтанд, хүүхэд хамгааллын мэргэжилтэнд тэдэн мянган хүүхэд ногдоно гээд.

Гэхдээ хүүхэд хамгааллын салбарт олон зүйл сайжирч л байна. Хэзээ хүүхдийн тусламжийн 108-ын тусгай дуут дохиотой машин явдаг байлаа даа. Хүүхдээ үйл хайхарсан айл руу хэзээ шууд нэвтэрч ордог байсан юм. Одоо цагдаатайгаа хамт хүүхдээ үл хайхарсан айл руу ороод, шуурхай дуудлагын баг ажиллаж, хүүхдээ аваад гардаг болсон. Энэ мэт эерэг зүйлс их бий.

Энэ ажлыг зүрх сэтгэлтэй хэдэн нийгмийн ажилтан хийгээд явдаг юм шүү гэдгийг ойлгох цаг ирэх байх

-Таны өгсөн ярилцлагын дор зарим хүмүүс муу муухай зүйл их л бичих юм. Хүүхэд хамгаалал нэрийдлээр баахан мөнгө авдаг. Энд тэндээс тусламж аваад, түүнийгээ өөрсдөдөө зарцуулдаг, хамгийн их баяжиж байгаа хүмүүс гэх мэтээр бичдэг. Дэмжихээсээ илүү харлуулах нь цөөнгүй байна. Ямар ч ашиггүй ийм ажил хийж яадаг юм. Төрөөс мөнгө өгөхгүй юм, өөрсдөө хөрөнгө босгоод яваад байж яана вэ гэж боддог, ярьдаг ч хэсэг байна. Тэдэнд хандаад та тайлбар хийвэл?

-Манай “Үжин” төв 2018, 2019, 2020 онд нэг ч Олон улсын байгууллагаас төсөл, хөтөлбөр аваагүй. 2018 онд нэлээд олон ТББ-тай өрсөлдөж байж 49 сая 250 мянган төгрөг авсан. 2019 онд 43 сая гаруй төгрөг авч байгаа юм. Би бүх зүйлээ нээлттэй тайлагнадаг. Дээрээс нь Аудит оруулаад, миний төртэй хийсэн гэрээнд хоёр жил дараалан А үнэлгээ өгсөн. Би өөрөө боловсрол, нийгмийн хамгааллын салбарт 20 жил ажиллажээ. Энэ хугацаанд нэг сайхан зүйл тохиосон нь 2019 оны арванхоёрдугаар сарын 30-д болсон. Тэр юу гэхээр, зохиолч Б.Шүүдэрцэцэг аян өрнүүлээд, 1952 хүнээс хандив аваад, “Үжин” төвд “Старекс” машин авч өгсөн. Энэ зун манайх чинь машиндаа хүүхдүүдээ суулгаад л хөдөө хүртэл явлаа шүү дээ.

Зарим хүмүүс муучлаад л байдаг. Ажил хийхэд ийм хэцүү. Би хийхээ больё гэж бодъё, тэгвэл хэн хийх юм. Сургалтаа хийгээд, хэдэн номоо зараад явж байвал надад амар. Гэхдээ сэтгэл өвдөж байна. Бусад нь шантарч байж болно, би энэ хэдэн хүүхдийн төлөө ухрахгүй. Би хүүхдүүдээсээ их урам авдаг. “Үжин” төвд байгаа 10 гаруй хүүхдийн нүдэнд гэрэл татаад, өөрчлөлт ороод эхлэхээр өөрийн эрхгүй сэтгэл сэргэдэг. Энэ чинь өөрийн үрээс ялгаа байхгүй. Бас л нялх үрс шүү дээ. Тэр хүүхдүүд намайг асар их урамшуулдаг. Манай төвд байж байгаад олимпиад, уралдаанд амжилт үзүүлсэн. Оюутан болоод гялалзаж яваа хүүхдүүдээ харахаар би урамшдаг юм. Надад гавьяа шагнал, мөнгө төгрөг, хэдэн зуун саяын байр сав хэрэггүй. Энэ ажлыг чинь зүрх сэтгэлтэй хэдэн нийгмийн ажилтан хийгээд явдаг юм шүү гэдгийг ойлгох цаг ирэх байх. Эцэг, эхээс заяасан тууштай зан гэж байдаг байх. Ажил хийвэл дуустал л хийх ёстой гэж боддог. Шантрах л байсан юм бол яах гэж эхлүүлсэн юм гэж би өөртөө хэлдэг. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэж үг бий. Би шантраад больчихвол “Үжин” төв шиг төвийг эхнээс нь байгуулна гэвэл хугацаа алдана. Ядаж л би арга зүйг боловсруулчихсан байвал төр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг хамгаалах, нөхөн сэргээх төвтэй болоход би бэлэн арга зүйгээ ч болов өгч байвал аятай юу.

-Танай төв чинь ажилчиддаа зориулж сэтгэл зүйч ажиллуулж байгаа биз дээ?

-Манайх СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмчтэй гэрээлж ажилладаг. Мөн сэтгэл зүйчдийн болон хуульчдын баг манайд ажиллаж байна. Монголын мундаг сайн өмгөөлөгчдийн баг манайд бас ажилладаг. Зарим тохиолдолд би нийгмийн ажилтнууддаа 3 юм уу 6 сарын чөлөө өгдөг. Сайн хүнээ тогтвортой ажиллуулах үүднээс ингэж уртын чөлөө өгч, амраадаг юм. 6 сар болоод ирэхээрээ арай эрч хүчтэй болно. Хохирогч хүүхэдтэй ажиллах арга зүй гэдэг хэцүү, хэн дуртэй нь хийх ажил биш. Нэг үг хэлэхээс эхлээд л бидний ажил маш их анхаарал болгоомжийг шаарддаг. Утсаар ярьж байгаад ч юм уу “Сайн уу, ийшээ суу” гээд жаахан ширүүн өнгө аястай хэлчихвэл тэр хүүхдийн сэтгэл зүйг унагах жишээний. Энэ мэт олон зүйлийг бодож, сэтгэж ажиллаж байна даа.

-Бэлгийн хүчирхийлэл гэхээр л зөвхөн охид өртдөг гэж ихэнх нь ойлгодог. Гэтэл хөвгүүд ч өртдөг жишээ байна. Та энэ жил гурав дахь төвөө нээх гэж байгаа гэж ярьсан байсан. Тэр зорилгодоо хүрэх дөхөж байна уу?

-Гурав дахь төвөө удахгүй нээх гэж байгаа. Байрныхаа засварыг хийж байна. Удахгүй сайхан мэдээ дуулгана.

-Энэ төв чинь зөвхөн хөвгүүдэд зориулсан байна гэсэн үү?

-Хөвгүүдэд зориулсан нэг тасагтай байх юм. ТББ чинь хандив, тусламж бага авдаг болохоор нэг ажил хийнэ гэж зориод, хурдан бүтэхгүй юм. Би нэг зүйлийг хийнэ гээд бодчихвол заавал бүтээж байж л санаа амардаг. Тиймдээ ч гурав дахь төвөө нээх гээд зүтгээд л байна.  

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.179Ман хулга   • 2020, 10 сарын 19. 21 цаг 54 минут

Баярцогт гэж гишуун **** Тахарын албыг буулгаад ийм хэргийн хохирогчдыг хамгаалах байргуй болсон

202.55.188.88sss   • 2020, 10 сарын 19. 17 цаг 22 минут

Загдаа хулгайчийн хэдэн арихчидад өгдөг мөнгөний хагасыг ч хүүхдүүдэд зориулдаггүй юм байна ш дээ. Гэтэл Загдаа хулгайчийн улсын мөнгөөр гараа угааж хүмүүсээр ажил хийлгэж хөдөлмөрийг нь мөлждөг гэж байгаа. Ийм л байна.

202.9.40.39Зочин   • 2020, 10 сарын 19. 16 цаг 48 минут

DAANCH 1 EWGVI GARCHIG BAISAN TURSUN EEJ GESEN BAINA TURVVLSEN EEJ NI GEWEL ARAI OILGOMJTOI BAIX

150.129.143.86зочин   • 2020, 10 сарын 19. 13 цаг 13 минут

Яг хүүхэд алга болоод сүйд болж байхад очих байгуулага цагдаагаас өөр байдаггүй. төсөв батлаад мөнгө хувиарлах болохоор түмэн олон байгуулага гаоч ирдэг. Ер нь амьдрах эх үүсвэрээ болгох гэж байна ууд аа. Цагдаад хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн тасаг байна. Одоо мөнгийг булаацалдана. Түрүүчээсээ буруу зориулалтаар ашиглаж шоронд орж байгааг харуулж байсан. Дураар нь тавьж болхгүй зальтангуудын хоол болох бий дээ.

77.9.24.51zochin   • 2020, 10 сарын 19. 11 цаг 17 минут

XEREV BYTEN ONCHIN XYYXED BELGIIN DARAMTAND ORVOL YAAX VEE ENE ULCIIN 00-NACNAAC EXLEED 100-NTAI BYX XYN ENE ULCIIN OLDOSHGYI NANDIN ERDENE ENE MONGOLIIN BAYALAG GEJ ORLOOD,MOOROOD BAICAN YXER XEN VEE ENE BOL E.CAID UXAN-ILJIG

192.82.68.227M   • 2020, 10 сарын 19. 10 цаг 29 минут

Төрүүлсэн ээж гэх байлтай

66.181.161.3Зочин   • 2020, 10 сарын 19. 9 цаг 12 минут

Муу ээж гэж байхгүй шүү, харин нөхөртөө дарамтлуулсан ээж л байгаа байх. Амьтан хүний анхаарлыг татах гээд этгээд гарчиг өгөхдөө бодож баймаар юм

202.55.188.33Зочин   • 2020, 10 сарын 19. 16 цаг 50 минут

Өө муу ээж байна. Мүү хүн ээж болоод сайн хүн болохгүй, муу ээж л болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.