УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.
Тус хуулинд хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Дэг зөрчигчдөд хариуцлага тооцох асуудлаа сайтар бодолцох хэрэгтэй. Дэг зөрчсөн гишүүнийг танхимаас хөөж гаргадаг гэх мэт зүйл байгаа бол тусгай алба байгуулахгүй бол бүтэхгүй ажил. Тиймээс энэ асуудлыг эргэж харсан нь дээр байх" хэмээн сануулсан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хэрвээ дэг зөрчигчдийг танхимаас гаргах зэрэг асуудлыг хэрэгжүүлэх юм бол яаж хэрэгжүүлэх юм бэ. Буцаж танхим руу орж ирэхэд нь хаалгаа хаагаад зогсох юм уу. Үүнийгээ яах юм бэ. Парламентын цагдаа гэж байх юмуу. Гарыг нь мушигаад гаргах юм уу. Хэрэгжихгүй юм бий болох гээд байна. Ороод ирсэн хүнийг хэн хөөж гаргах юм. Жаахан бодитой юм яриач" хэмээн ёожиллоо.
Харин үүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үүнийг долоон заалтаар зохицуулна. Эхлээд сануулна, үг хэлэх эрх олгохгүй, Хуралдааныг орхин гарах үүрэгтэй. Хэрвээ биелүүлэхгүй бол чуулганд оролцох эрхээ хасуулсан хугацааг нь нэмэгдүүлнэ гэдэг байдлаар л зохицуулна. Ерөөсөө үүрэгтэй, хуультай. Хууль дээдлэх нь УИХ-ын гишүүний үүрэг" гэж хариуллаа.
Б.Аз
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Бямбацогт гэж сайхан хөлдүү толгой юм аа...
Угаасаа олигтой сөрөг хүчин ард түмэн өөрсдөө сонгоогүй ш дэ
Сөрөг хүчин гэж юм байхгүй болох нь дээ. Өөрсөд нь таалагдахгүй юм ярьвал шууд дэг зөрчсөн болгоод нам дарах гэж байна.