2020 оны 11-р сарын 1
10 цаг 20 минут

С.Бүжин: Хүүхдэд зориулсан үндэсний контентын тоог нэмэхгүй бол эх хэлний дархлаанд аюул учирч байна 

-"Моралаш" киногоо цаашид үргэлжлүүлэн хийсээр байх болно-

“Моралаш” олон ангит хүүхдийн цуврал киноны найруулагч, зохиолч, продюсер С.Бүжинтэй ярилцлаа. Тэрбээр Cine_ART кино академийг үүсгэн байгуулж, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Үзэгчдийн хамгийн сайн мэдэх “Сайн аав” киноны зохиолыг бичиж, найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ.

-“Моралаш” олон ангит хүүхдийн цуврал киног хийж байгаа. Эхний цуврал нь үзэгчдэд хүрсэн. Одоо хоёр дахь цувралаа IPTV-гээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Оросын “Ералаш”-тай хэв маягийн хувьд төстэй гэж ойлгож болох уу?

-Уран бүтээлчийн хувьд миний эмзэглэж явдаг зүйлийн нэг нь Монголд хүүхдэд зориулсан кино, контент маш хомс байдаг. Тэр ч утгаараа “Сайн аав”, “Залуу мөрдөгчид”-өөсөө хойш хүүхдийн уран бүтээлээр дагнаж ажиллаж байгаа. Хүүхдэд зориулсан жүжиглэх урлагийн сургалт хичээллүүлээд гурван жил болж байна.  Cine_ART кино академийг байгуулаад хоёр жил болсон.  Суралцаж байгаа хүүхдүүддээ зүгээр л нэг хичээл заагаад өнгөрөх биш тэднийхээ чадварыг дээшлүүлэх, дадлага, туршлага суулгахын тулд хүүхдийн кино уран бүтээл хийж байгаа ч гэж хэлж болно.  Би багадаа Оросын "Ералаш"-ыг үзэж өссөн. Үзэхэд их ойр, дотно санагддаг. Тиймдээ ч яг ийм жанрын уран бүтээл хийнэ дээ гэж боддог байлаа. Энэ чинь тусдаа нэг жанр шүү дээ. Таван минутын, богино кино. Одоо болтол "Ералаш" хандалт өндөртэй, youtube сувагт ордог, шинэ ангиудыг хийгээд л яваад байгаа. Тухайн цаг үеийнхээ хүүхдүүдийн сэтгэхүй, онцлогт нь тааруулаад л хийгээд байдаг юм. 

Би одоо үеийн хүүхдүүдийн сэтгэхүйд таарсан, үзүүштэй, хэлэх гэсэн санаатай, чанартай уран бүтээл яаж хийх вэ гэж бодож байгаад Монголын "Ералаш" хийхээр шийдсэн юм. Монгол "Ералаш"-ыг хийе гэсэн санал, санаачилга, сэдлийг эртнээс л гаргаж байсан юм билээ. Х.Дамдин, И.Нямгаваа зэрэг найруулагчид ч энэ санааг гаргаж байсан гэсэн. Үндэсний телевизийн найруулагчид ч гэсэн Монголын "Ералаш" хийе гээд эхлүүлэх гэж оролдсон ч чадаагүй юм билээ. Тэр хүмүүсийн хүсэж байсан зүйлийг би одоо хэрэгжүүлээд явж байгаа нь нэг бодлын бахархмаар.  

-Моралаш" гэдэг нэрийг яаж олсон юм бэ. Өөрийн тань санаа юу?

-"Моралаш" гээд нэрлэчихээр хууллаа гэдэг шүүмжлэл ч гарч л байгаа. Энэ нэрийг манай дугуйлангийн сурагч өгсөн юм. Би фэйсбүүкээр нэрийн уралдаан зарласан. Олон л нэр ирсэн. Гэтэл дугуйлангийн маань нэг хүүхэд "Моралаш" гэж нэрлэвэл гоё юм биш үү гэсэн санал гаргасан. Монгол Ералаш гэдгийг нийлүүлээд, Моралаш болгочихъё гэхгүй юу. Тэгэхээр нь энэ нэрийг хэлээд байсан чинь чихэнд хоногшоод, өвөрмөц ч юм шиг санагдсан. Заавал яагаад байдаг л нэг энгийн нэр өгөх гэж. Өвөрмөц нэр өгвөл хүмүүст сонирхолтой байх болов уу гэж бодож өгсөн. Түүнээс биш шууд хуулсан, зохиолоос нь санаа авсан зүйл нэгээхэн ч байхгүй. Би өөрөө зохиолоо бичээд, оюуны өмчөөр баталгаажуулсан. Би сэдвээ хүүхдүүдээс авдаг юм. Манай академд суралцаж байгаа хүүхдүүд чинь өсвөр насныхан  шүү дээ. Тэднийхээ онцлог, сул болон давуу тал, алдаа, оноо, хайр дурлалыг нь харж, анзаардаг. Тэдэнд юу тулгамдаж байна, зовлон, жаргал нь юу байна вэ гэдгийг хамт байдаг болохоор мэдэрдэг. Тиймдээ ч зохиолоо хүүхдүүдээсээ сэдэл авч бичдэг. 

-"Моралаш" цувралд Cine_ART кино академид суралцаж буй хүүхдүүд голчлон тоглож байгаа гэсэн үү?

-Манайд бэлтгэх жүжигчнээр суралцаж байгаа хүүхдүүдээ дэмжээд, илүү авьяастай, чадвартайг нь сонгож авна. Мэдээж бүх хүүхдүүдийг авахгүй шүү дээ. Хүүхдүүдийн дунд маш их өрсөлдөөн гарна. Дүр авах гэж хичээнэ, өөрийгөө илүү хөгжүүлнэ, чадвараа сайжруулна. Мөн бид проб зарладаг. Зөвхөн академиасаа л хүүхэд авч кинонд тоглуулаад, бусад авьяастай хүүхдүүдэд боломж олгохгүй байгаа юм биш. Сонгон шалгаруулалт зарлаад, үнэхээр авьяастай, чадвартай хүүхдүүдийг сонгож авч, хэд хэдэн ангид тоглуулсан.  

-Оросын "Ералаш"-ыг үзэж байхад жүжигчдийнх нь тоо олон, зарим нь нэлээд нүсэр байдаг. "Моралаш"-ын цувралууд ямар болсон бэ?

-Анги ангид нь өөр өөр жүжигчин хүүхдүүд тоглож байгаа. Зарим хүүхэд л хэд хэдэн ангид тоглосон. Тухайн хүүхдийнхээ чадвараас шалтгаалж байгаа юм. Манай кинонд 30, 40-өөд хүүхэд оролцож тоглосон.  

-Хоёрдугаар бүлгийн цувралын өгүүлэмж нь ямар байгаа вэ. Ямар сэдлийг хүүхдүүдэд өгөхийг хичээв?

-"Ералаш" гэдгийг орчуулахад хэцүү үг гэсэн. Гэхдээ бүтэлгүйтэл, сахилгагүйтэл, саваагүйтэл гэдэгтэй ойролцоо утгатай үг юм билээ.  Ерөөс хүүхдүүдэд бүтэлгүйтлээсээ олж авсан ухаарал нь илүү их нөлөөлдөг. Өөрөө биеэрээ мэдэрч байгаа учраас тэр. "Ералаш" бол фактаар л дуусдаг. Яг тэр жанрыг нь би барьсан. Хүүхэд киног үзээд, үйл явдалд нь хөтлөгдөөд явж байхдаа ямар нэгэн ухаарал авч ч магадгүй, авахгүй ч байж болох юм. Харин төгсгөлд нь аан гээд л нэг зүйлийг бодох байх. Одоо үеийн хүүхдүүд урт контентоос залхдаг болчихож. Богинохон мөртлөө сонирхолтой контентыг хүсэж, хүлээдэг болчихсон. Яг тэр сэтгэхүйд нь тааруулж хийсэн, өөр өөр үйл явдалтай, бүгд өөрийн гэсэн хэлэх гэсэн санаатай л кино болсон. 

Орчин үеийн хүүхдүүдэд, "тэгж болохгүй, ингэж болдоггүй юм шүү" гэж хэлэхээсээ илүүтэй сонирхолтой байдлаар ухаарал өгөх нь чухал байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд илүү анхааралтай үздэг юм байна. Хэт их "Чи тэгэх ёстой, ингэх хэрэгтэй" гэхээр тулгаж байгаа юм шиг санагдаад, шинэ эрин үеийн хүүхдүүд хүлээж авахгүй. Өөрийнхөө үзэл бодлоор л асуудалд ханддаг болохоор. Би шинэ эрин үеийн хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогыг бага зэрэг судалж үзсэн. Интернэт, цахим орчин хөгжчихсөн эрин үеийнхэн шүү дээ. Тэд хүссэн болгоноо л интернэтээр судлаад, мэдчихэж байна. Энэ үеийн хүүхдүүдэд яаж хүрэх ёстой вэ гэдгийг бодож л зохиолоо бичсэн. Байгаа зүйлийг нь байгаагаар нь, хошиноор, найруулагчийн хэлэх гээд далд санаатайгаар л гаргаж өгсөн дөө. 

-Эцэг, эхээ хүндлээрэй, хайр дурлалд ингэж хандах ёстой шүү ч гэдэг юм уу, тийм өгүүлэмж хүүхдэд зориулсан контентуудад байдаг даа. Танай кинонд ямар өгүүлэмж давамгайлж байгаа юм бол?

-Өөрсдөд нь бодитоор тохиолдсон зүйлсийг нь л гаргаад тавьчихаж байгаа юм. Жүжиглэлт нь жаахан хэтрүүлэгтэй байж магадгүй. Би ер нь зохимол зүйлийг шууд зохиогоод бичиж чаддаггүй. Худлаа санагдаад, нэг л эвлэж өгдөггүй юм. Бодитоор харсан, мэдэрсэн зүйлээ бичээд, тэрийг хүмүүс үзэхэд илүү наалдаж өгдөг юм байна л даа. Тэр утгаараа голчлон болсон зүйлээс сэдэл, санаа авч бичдэг. Хоёрдугаар бүлэгт өсвөр насны хүүхдүүдийн хайр сэтгэлийн тухай голчлон гарна. Өсвөр насныхны шохоорхол, дурлал нь ийм байдаг шүү гэдгийг гаргаж байгаа юм. "Моралаш"-ыг зөвхөн хүүхдүүд үзэхгүй. Оросын "Ералаш"-ыг аав маань үздэг. Аав 60 настай.  Тэгсэн мөртлөө "Ералаш"-ыг бүр шимтэн үздэг.  Хүмүүс хүүхдийн кино үзэхээрээ өөрийнхөө хүүхэд насыг санадаг байх гэж боддог. "Нээрээ ч хүүхэд ийм хөөрхөн шүү. Би чинь өөрөө ийм бүтэлгүй хүүхэд байсан даа" гэж боддог шүү дээ. Энэ утгаараа би "Моралаш"-ыг бүх насныханд зориулж хийж байгаа юм. 

Томчууд хүүхэд насаа дурсаж үзэх байх. Том хүмүүс хүүхдийн киног тийм ч сайн тогтож үздэггүй биз дээ. Хүүхдүүд л тогтож үздэг.  Дээрээс нь томчууд хүүхдийнхээ үзэж байгаа киног хэсэг л хараад, "Энд чинь сургамжтай зүйл байхгүй юм байна. Үзэхээ боль" гэх нь ч бий. Тэгвэл "Моралаш"-т томчууд автана. Би тэгж зорьж бүтээлээ хийсэн. Өөрөө хүртэл кинондоо автаад, зохиолоо бичиж, найруулсан гэдгээ ч мартчихсан, хүүхдүүдийнхээ жүжиглэлтэд автчихсан, инээчихсэн сууж байдаг юм. Би өөрөө монтажаа хийдэг байхгүй юу. Монтажаа хийж байхдаа л инээд хүрээд л, кинондоо автчихдаг. 

-Бүх зүйлээ өөрөө хийдэг байх нь?

-Би чинь график, дизайнерын мэргэжил эзэмшсэн хүн. Дараа нь Кино Урлагийн дээд сургуульд Кино, театр, телевизийн найруулагчаар суралцаж, төгссөн. Хоёр бакалавр зэрэгтэй нөхөр л яваад байдаг юм. Өөрөө монтажаа хийдэг. Хүний хийсэн монтаж сэтгэлд хүрдэггүй. Өөрөө хийвэл илүү дээр гэж боддог. Мэдээж хамтарч ажилладаг баг, хамт олон гэж байгаа. Би өөрөө үндсэн гол гол ажлуудаа л хийдэг. 

-Мэргэжлийн жүжигчид тоглуулаад, кино хийхэд амар байх. Тэд юу хийх, яаж жүжиглэх, дүрээ хэрхэн илэрхийлэхээ мэднэ. Харин хүүхдүүд арай өөр шүү дээ. Мэргэжлийн жүжигчидтэй харьцуулшгүй. Ажиллахад хэр хэцүү байдаг вэ?

-"Сайн аав" киног хийхдээ 5 хүүхэд тоглуулсан. Гэхдээ надад тийм ч хэцүү биш, харин ч амар байсан. Найруулагч, жүжигчин  С.Баттулга ах надад "Хүүхэд, нохой 10 дубл шүү, хэцүү" гэж зөвлөж байлаа. Би ч нэлээд айсан. Гэтэл эсрэгээрээ манай 5 хүүхэд маш сайн дүрдээ орсон. Хүүхэд чин сэтгэлээсээ, өөрөөрөө байхаараа дүрээ сайн гаргаж, үнэн тоглодог юм билээ. Түүнийг нь олж харчихаад, хүүхэдтэй ажиллахад надад илүү урамтай санагдсан.  Би одоо дүрүүдээ зоохдоо хүүхдийнхээ хувь мөн чанарыг нь харж, сонгодог. Энэ дүрд чи тохиромжтой юм байна гэж харж, хэлж, дүрээ өгдөг. Тэгэхээр тэр хүүхэд өөрийнхөө л тоглохоор илүү үнэмшилтэй илэрхийлдэг. 

Манай хүүхдүүд одоо мэргэжлийн жүжигчнээс нэг их дутахааргүй болсон. Өөрсдөө богино хэмжээний кино, уран бүтээл хийнэ. Би камер өгөөд гаргачихдаг, өөрсдөө уран бүтээлээ хий, хөгж гээд. Мэдээж зохиолд нь хяналт тавина, засна, сайжруулна. Тэгэхгүй бол юу ч хамаагүй хийчихнэ шүү дээ. Манайхаас 6 хүүхэд Японы Олон улсын хүүхдийн кино наадамд өнгөрсөн жил оролцоод, Япон явчихаад ирсэн. 15-18 насны хүүхдүүд өөрсдөө кино хийдэг юм. Тэр наадамд оролцоод, нэлээд дээгүүр байр эзэлчихээд ирсэн. Би академид суралцаж байгаа хүүхдүүддээ мэргэжлийн жүжигчдээс дутахгүй шаардлага тавьдаг. Хоёр сардаа нэг жүжиг тавьдаг. Эсвэл нэг контент хий гээд даалгавар өгдөг. Хүүхдүүд өөрсдөө практикт суралцчихаар "Моралаш"-т тоглохдоо хэзээний жүжигчин шиг л болчихсон  юм шиг л байдаг. 

-"Моралаш"-ын хоёрдугаар бүлэг хэдэн ангитай байна?

-Өмнөх шигээ 8 ангитай байна. Оросын "Ералаш" одоо 500 гаруй ангитай болсон байсан.  Би ч гэсэн цаашид энэ киногоо үргэлжлүүлж хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ хүүхдийн уран бүтээл хийхэд хөрөнгө оруулах, дэмжих байгууллага цөөхөн байдаг юм. Яагаад гэвэл ашиг орлого олдоггүй. Гэхдээ одоо цаг үе өөрчлөгдөөд, харьцангуй гайгүй болсон юм билээ. Би сая киногоо хийхдээ продюсерын ажлаа хийж, байгууллагуудын дарга, захирлуудтай уулзаагүй. Уран бүтээлдээ хэтэрхий анхаараад, маркетинг чиглэлдээ бага анхаарсан. Хэрвээ манай "Моралаш"-тай хамтарч ажиллах сонирхолтой байгууллага байвал нээлттэй шүү. Дэмжих байгууллага байгаа байх. Би уран бүтээлээ мэргэжлийн өндөр түвшинд хийхийг зорьсон. 

"Моралаш" киноны арын албанд манайд академийн хүүхдүүд ажилласан. Оператораар, ассент найруулагчаар хүүхдүүд ажилласан. Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр урамтай. Би чинь найруулагч учраас хүүхдүүдээ загнана шүү дээ. Тэгэхэд маш хурдан алдаагаа засаж, залруулна. Тэр утгаараа их амар байдаг. 

-Манайд бага насныханд зориулсан кино, контент их цөөн байна. Цаашид "Моралаш"-ыг бага насныханд зориулж хийх үү?

-Насны хязгааргүйгээр хийж байгаа. Нэгдүгээр бүлэгт 7 настай хүүхэд тоглосон. Бүр хөгшин хүн ч тоглосон шүү. Бага насныхан ч үзэх боломжтой. Охин маань 6 настай. Надаас "Моралаш"-аа хийж байгаа эсэхийг асууна. Би үзэгчдэд хүргээгүй байхдаа охиндоо үзүүлнэ. Охин маань үзээд, яаж хүлээж авч байгааг харна. Тэгэхэд охин маань анхаарлаа өөр тийшээ хандуулахгүй байсаар киног үзэж дуусгадаг. 6 настай хүүхдийн анхаарал тийм ч сайн нэг зүйлд төвлөрөхөд хэцүү. Гэтэл "Моралаш"-ын бүх ангийг нэг цагийн турш үзээд л байдаг юм. Тийм болохоор сонирхолтой байна гэсэн үг. Насны хязгаар заахгүй. 

-Би нэг судлаачтай ярилцлага хийхэд, Монголын телевизүүдийн хүүхдэд зориулсан контентуудын ихэнх нь гадаадынх болчихсон. Түүнийг нь үзсээр байгаад монгол хүүхдүүдийн сэтгэхүй, хэл ярианд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байна гэсэн. Энэ бол монгол контент хэрэгтэй байгааг харуулж буй хэрэг. Хүүхдийн контент, кино бүтээхэд хөрөнгө мөнгө их хэрэг болдог байх. Тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Уран бүтээл хийхээр мэдээж хөрөнгө мөнгө шаардалгүй яахав. Урсгал зардал, цалин хөлснөөс эхлээд. Дууны найруулагч, пост продакшн хийж байгаа хүмүүсээс эхлээд олон мэргэжлийн уран бүтээлч ажилладаг. Тэдэндээ хөлс мөнгө өгнө. Хөрөнгө оруулалтаа өөрөөс зохицуулаад л явна. Зарим эцэг, эхчүүд ойлгож, дэмжинэ. Унаагаараа үйлчилнэ. Одоо ивээн тэтгэгч байгууллагууд манайхыг сонирхож эхэлсэн. Ийм хөөрхөн уран бүтээл гарч байгаа юм байна гэж мэдсэн. Тэгэхээр цаашид дэмжих байх. Дэмжвэл уран бүтээл илүү л чанаржина. 

-Хүүхэлдэйн киноны орон зай манайд хоосон байна. Тэр чиглэлд уран бүтээл хийхээр сонирхож үзсэн үү?

-Маш их хөрөнгө, мөнгө шаарддаг юм билээ. Манайх "Шидэт хуудас" нэртэй бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхээр хичээсэн. Холливудын түвшний кино хийхээр зохиолоо хүртэл бичээд, багаа бүрдүүлчихсэн байсан. Харамсалтай нь төсөв байхгүйгээсээ болоод гацсан. Хүүхэлдэйн кино маш их хөрөнгө шаарддаг, хоёр, гурван жил болж байж гаргадаг. Тийм болохоор уран бүтээлчид зориглож орж чадахгүй байгаа юм. Би өөрөө хүүхэлдэйн кино хийж үзэх гээд явж үзсэн болохоор мэднэ. "Мора" гэдэг кинонд хэсэг найруулагчаар ажиллаж ч үзсэн. Чанга шүү. 

Охин маань 6 настай. Youtube сувгаар гадаадын контентуудыг үздэг. Англи хэл сурч байгаа нь сайн ч цаанаа муу үр дагавар ихтэй. Сэтгэхүй нь хүртэл өөрчлөгдөх аюултай байгаа юм. Үндэсний контент байхгүй учраас л тэр хүүхэд гадаадын кино, хүүхэлдэйн кино, бусад контентыг үзэхгүй гээд яах билээ. Хамаатны маань нэг хүүхэд бүр ярьж чаддаггүй. Гадаад контент үзсээр байгаа тийм болчихсон. Энэ маягаараа монгол хэлний дархлаанд аюул учирч байна. Эх хэл бол улс орон оршин тогтнохын баталгаа. Гэтэл хүүхдүүд эх хэлээрээ ярьж чадахгүйд хүрч байна. Үүнд би эмзэглэж явдаг. Хүүхдэд зориулсан үндэсний контент байх хэрэгтэй. Үүнд төрөөс тусгайлан анхаараасай гэж хүсдэг. Бор зүрхээрээ яваад, хүүхдийн кино, уран бүтээл хийдэг хүмүүс олон бий. Тэдэнд тулгадамж байгаа асуудал нь хөрөнгө, мөнгө. Мөнгө, хөрөнгө дутахаар л уран бүтээлийн чанар мууддаг.  Улсаас дэмжээд өгвөл илүү чанартай уран бүтээл хийнэ шүү дээ. 

Төрөөс мөнгө төгрөг өгөөд, дэмждэггүй юм гэхэд кино театрууд дэмжмээр байна. "Залуу мөрдөгчид" киногоо театрт нээх гээд, үзлэгт оруулсан. Гэтэл хоёрхон театр л аваад, бусад нь аваагүй. Хүүхдийн кино ашиг олохгүй. Ялангуяа Монголынх бол гэдэг шалтгаанаар авдаггүй. Дээрээс нь оргил цаг өгдөггүй. Өглөө, өдрийн цаг л өгөөд байдаг. Өглөө, өдөр хэн үзэх юм бэ. Хүүхдүүд чинь эцэг, эхээсээ л хамааралтай, тэднээсээ мөнгө авна. Тийм болохоор эцэг, эхээ дагаад үзнэ. Томчууд ажлаа тараад, хүүхдээ дагуулаад кино театрт орно. Тэр цагаар нь томчуудын кино л гарна. Аргагүйн эрхэнд хүүхдээ дагуулаад, ямар ч хамаагүй кино үзнэ. Гэтэл тэр кинонд нь 18+ хэсгүүд гарах жишээтэй. Бид бодолтой, бодлоготой байхгүй бол хүүхдүүд кино үзсэнийхээ дараа иштэй чихрээ тамхи татаж байгаа маягтай зууж байна гэж байгаа юм. Хүүхдүүд даган дуурайдаг учраас хүүхдийн уран бүтээлийг дэмжих л хэрэгтэй байна. Зөвхөн хүүхдэд зориулсан хүүхдийн кино театртай болмоор байгаа юм. Тэндээ Монголынхоо уран бүтээлийг илүү гаргаж, дэмждэг байвал сайн байна.  

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.20.152.50Зочин   • 2020, 11 сарын 1. 12 цаг 40 минут

ЭХЛЭЭД "САЙН БАЙНА УУ?" САЙН БАЙЦГААНА УУ?" ГЭЭД МЭНДЛЭЭД СУРГАЧИХВАЛ МОНГОЛ ХҮҮХДҮҮД МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУРЧ ЭХЛЭНЭ ДЭЭ....ДОР ХЭЛДЭГ ГАДААД ҮГИЙГ БҮГЛИЙГ НЬ МОНГОЛООР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ....ЯМАР НЭГ ЗҮЙЛ ЯРИХДАА ГАДААД ҮГ ОРУУЛЖ ЯРЬДАГГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ....ГЭХ МЭТ ОЛОН ЗҮЙЛ БАЙНА ДАА...ХОЛБОГДОХ УТАСАА ӨГВӨЛ ОЛОН САНАА ХЭЛЖ БОЛОХ БАЙНА ДАА...

103.20.152.50Зочин   • 2020, 11 сарын 1. 12 цаг 34 минут

ЭНЭ МАШ ЗӨВ СЭДЭВ ХӨНДӨЖ БИЯСЭН БАЙНА ....

202.9.46.165Зочин   • 2020, 10 сарын 23. 12 цаг 36 минут

ЭХЛЭЭД КОНТЕНТ , БАКАЛАВАР , АКАДЕМИ , ПРОБ , ПРАКТИК ЗЭРЭГ ҮГНҮҮДЭЭ ТӨРӨЛХ МОНГОЛ ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЯРИАД ШАВЬ НАРТАА ЗААЖ СУРГААД МОНГОЛ ХЭЛНИИ ДАРХЛААГАА ХАМГААЛЧИХ .....

202.55.191.130иргэн   • 2020, 10 сарын 23. 9 цаг 32 минут

ККК энэ хүний нэрийг одоо Бөжин гэж бичих болж байна уу шинэ дүрмээр

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.