Аваргыг давж аварга. Энэ үг Бразил залуу Тиаго Браз да Силвад тохирох мэт. Учир нь хөнгөн атлетикийн залуу тамирчин Тиаго Браз да Силва Рио-2016 Зуны Олимпийн наадмын тулгууртай харайлтын төрөлд Лондон-2012 Зуны Олимпийн аварга Францын Рено Лавиллениг ялан дийлж Олимпийн аварга цолыг хүртсэн.
Риогийн Олимпийн тулгууртай харайлтын төрөлд Олимпийн аварга Р.Лавиллени, Танхимын ДАШТ-ний мөнгөн медальт С.Кендрикс, ДАШТ-ний хүрэл медальт Чехийн Я.Кудличка, 2015 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Польшийн П.Лисек нарын тэргүүтэй шилдэг тамирчид өрсөлдсөн. Эдгээр тамирчдаас Олимпийн наадмыг зохион байгуулагч улс болох Бразилын тамирчин, Өсвөрийн Дэлхийн аварга, Сингапур-2010 Өсвөрийн анхдугаар Олимпийн наадмын мөнгөн медальт Тиаго Браз да Силва түрүүлсэн. Тэрээр эхний захиалгаараа 5.65 м дээгүүр харайсан бол хамгийн сүүлд 6.03 м-н дээгүүр 2 дахь гүйцэтгэлээрээ амжилттай харайсан. Харин түүнтэй Олимпийн аварга Р.Лавиллени хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж 5.98 м дээгүүр харайсан ч дараагийн захиалгуудаа амжилтгүй гүйцэтгэсэн тул мөнгөн медалийн эзэн болсон. Ийнхүү 22 настай нутгийн тамирчин Тиаго Браз да Силва Олимпийн аварга цолыг хүртсэн.
Тиаго Браз да Силвагийн алтан медаль бол хэд хэдэн онцлогтой. Рио-2016 Зуны Олимпийн наадмын хөнгөн атлетикийн төрөлд цорын ганц медаль хүртсэн нь Тиаго Браз да Силва байсан юм. Мөн тулгууртай харайлтаар Олимпийн аварга болсон анхны Өмнөд Америкийн төдийгүй Латин Америк тамирчин болсон. Дээр нь 6.03 м-н өндөр дээгүүр харайснаар Олимпийн рекорд амжилтыг тогтоосон байна. Өдгөө түүний нэр дээр “Олимпийн рекорд” амжилт бичигдэж байна.
Эх сурвалж: Ssport.mn
Сэтгэгдэл бичих