2020 оны 4-р сарын 10
10 цаг 45 минут

Засгаас зарласан үнээр ноолуур авбал үйлдвэрлэгчид 140 тэрбумын алдагдал хүлээхээр байна гэв

 Энэ хаврын ноолуурыг малчдаас кг тутмыг нь 100.000-аас буулгахгүй худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн сард Засгийн газраас мэдэгдсэн. Гэвч зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж ноолуурын ханш энэ үнэд хүрэх боломжгүй гэдгийг үйлдвэрлэгчид ярьж байна. Дэлхий даяар "Covid-19" халдвар дэгдэж, бүхий л улс орон хилээ хааж, эдийн засаг хумигдаж багагүй хугацаа өнгөрөөд буй. Ялангуяа ноолуурын салбарын хамгийн гол худалдан авагч, үйлдвэрлэгчид болох Европын орнууд тэр дундаа Итали, АНУ, Франц, Япон, БНХАУ-д ноолуурын үнэ ханш өнгөрсөн жилүүдэд байгаагүйгээр унаж байгааг олон улсын мэдээллийн эх сурвалжууд онцолж байна.Манай улсын ноолуурын дийлэнх хувийг худалдан авдаг БНХАУ-д гэхэд ноолуурын үнэ унасаар байна. Хятадын Лиони мужид гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр самнасан ноолуур 520 юань байсан бол энэ сарын 7-ны байдлаар 480 юань болж буурчээ. Тэгвэл Шанси мужийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр нэг кг ноолуур 550 юань байсан бол энэ сарын 7-ны байдлаар 460 юань болжээ. Гадаад нөхцөл байдал ийм байхад Монгол Улсын хувьд төр засгаас ноолуурын үнийг тогтоож зарлах нь цаг үеэ мэдрээгүй, буруу тооцоолсон алхам болсон. “Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр самнасан ноолуур 110 ам.доллар байсан. Энэ жил 55 ам.доллар байгаа ч энэ ханшаар авах, сонирхож байгаа компани алга. Европын орнууд, Итали, Америк зэрэг улсын зах зээл нь зогсчихоод байна. Ийм үед Засгийн газраас хатуу үнэ тогтоож байгаа нь зах зээлийнхээ зарчмын эсрэг ажил боллоо. Тэгвэл адилхан зэс, нүүрс, нефтийн үнийг ч төрөөс тогтоох хэрэгтэй. Үнэндээ өнөөдрийн зах зээлийн бодит үнэ кг ноолуур 50.000 байх боломжтой. Ийм байхад 100.000-аар ав, гурван хувийн хүүтэй зээл өгье гэдэг чинь 53 хувийн хүүтэй зээл өгье гэж байгаатай ижилхэн” хэмээн “Баялаг Өлзий” ХХК-ийн захирал Ж.Өлзийбодьжав хэлж байна.

“Засгийн газраас 300 тэрбумыг гаргана гэж байгаа. Энэ мөнгө бол 3000 тонн ноолуурыг 100.000-аар авахад л хүрэлцэх хөрөнгө. Үйлдвэрүүд 2000 тонн-ыг авахад цаана нь 8000 тонн ноолуур үлдэнэ. Үлдсэн ноолуурыг зарласан ханшаар авах боломжгүй гэдгийг “Өгөөж шим” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямжав тодруулж хэлсэн. Тэрээр “Олон улсын зах зээл дээр ноолуур 55 ам.долларгэж байгаа хэдий ч ямар ч борлуулалт хийгдэхгүй байна. Ноолуур гэдэг тансаг хэрэглээ. Халдварт өвчинтэй 200 гаруй улс цаг минут тутамд тэмцэж байгаа энэ үед ноолуур авах битгий хэл амь насны асуудал яригдаж байна. Ийм нөхцөлд ноолуурын үнэ ханш муу байх нь ойлгомжтой. Цаашид зах зээлийн борлуулалт муудахыг үгүйсгэхгүй. Аливаа зүйл зах зээлийн хуульдаа л захирагддаг. Засгийн газар ч үүнийг харах ёстой байсан” гэсэн юм. Монгол ноолуурын зах зээл хилийн чанадаас шууд хамааралтай. Гадаадад ямар нөхцөл байдалтай байна, Монголд ч тэр хэмжээгээр үйлчилнэ. Тэгвэл өнөөдөр олон улсын хувьд ямар байгаа талаар үйлдвэрлэгчид нэлээд судалгаа хийжээ.

Тэдний нэг “ЕСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр “Хятад түншүүдийн ярьж байгаагаар тэнд ноолуурын ханш сар тутам буурч байгаа тоог хэлсээр байгаа. Өнгөрсөн жил самнасан ноолуур 650 юань байсан бол Цагаан сарын өмнө 550 болсон байна. Дараа нь 480 юань болсон бол одоо 400 юань ч хүрэхгүй байгаа гэж байна. Европт байгаа манай томоохон экспортлогч хүртэл ярьж байна. Европт сар гаруйн хугацаанд каринтины байдалтай байгаа. Тэнд юун ноолууран бүтээгдэхүүн сонирхох. Маск, хүнсний бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй байна. Хэзээ эдийн засаг, ноолуурын салбар сэргэх нь тодорхойгүй гэж байсан. Монгол бол Итали, Хятадын зах зээлийг харж байж л хөдлөх ёстой” гэв. Дөрөвдүгээр сар гэдэг үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн их ачаалалтай үе байдаг. 2, 4 дүгээр сард их засвараа хийж, 4 дүгээр сараас түүхий эдээ угааж бэлтгээд явж байдаг цаг. Гэтэл энэ үед ноолуурын ханшийг өндөр тогтоосноос болж үйлдвэрүүд түүхий эдгүй, үйлдвэр, малчид тал талдаа хүлээлттэй цаг үе өнгөрч байна. Малчдын хувьд төрөөс зарласан 100.000 төгрөгөөр ноолуураа борлуулахаар цааш хадгалж, үйлдвэрүүд бодит ханш учир төр засаг шийдвэрээ эргэж харахыг хүлээсэн байдал. Эцэст нь үйлдвэрлэгчид өндөр үнээр ноолуур авахгүй гэсэн шийдэлд хүрч эхэллээ.

Энэ тухай “Сор кашемир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бархасбадь онцлон ярьсан юм. Тэрээр Засгийн газар, ХХААХҮЯ-ны шийдвэр үйлдвэрлэгчдийг дампуур гэснээс ялгаагүй хүнд цохилт болсныг онцолж байсан. “Засгийн газраас 300 тэрбумын санхүүжилтийг компаниудад гурван хүүтэйгээр өгье гэж шийдвэр гаргасан. Энэ бол ноос ноолуурынхаа үйлдвэрүүдийг дэмжсэн шийдвэр гэж ойлгож байсан. Гэвч энэ нь буцаад бидэнд маш өндөр босго үнийг тогтоож өглөө. Зах зээлийн бодит үнэ бол кг ноолуур 50.000 орчим байхад хоёр дахин илүү үнээр ав гэсэн нь боломжгүй буюу үндэсний үйлдвэрүүдийг энэ алдагдлыг хариуц, цаашлаад дампуур гэсэнтэй ялгаагүй. Тиймээс үндэсний үйлдвэрүүд ийм үнээр ноолуур авахгүй байсан нь дээр, өөрсдийнхөө боломжоор түүхий эдээ бодит ханшаар бэлдээд явъя гэсэн шийдэлд хүрсэн” гэлээ. Үйлдвэрлэгчдийн хэлж буй дараагийн асуудал бол ажлын байраа хэвээр хадгалах тухай байлаа. Дэлхийн зах зээл дээр ноолуурын ханш унаж, хил хаагдаж ямар ч борлуулалт, экспорт хийх боломжгүйгээс болж томоохон үйлдвэрлэгчид ажилтнуудаа цомхотгож эхлээд байна.

Ийм хүнд эрсдэл бусад олон үйлдвэрийн хаалга тогшиж байгааг “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа хэллээ.

Тус компани бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага. 140 орчим ажилтантай. Олон улсын зах зээлийн хүндрэл, дээр нь манай төр засгаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор цаашид хэвийн ажиллах ямар ч боломж байхгүй болсон гэж тэрээр учирласан. Уг нь зах зээл нь нэгэнт тодорхой болсон энэ үед Монгол Улс хүнд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж болох саналыг зарим үйлдвэрлэгч гаргаж байв.

 

“Монгол текстил” ХХК-ийн захирал Р.Энхболд энэ тухай“Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдал давуу талыг бий болгох боломжтой. Хил гааль хаасан энэ үед өөрийнхөө үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, худалдан авах нөхцөл бүрдсэн.Эцсийн хэрэглэгч нар дэлхий даяар бүх зардлаа танаж байна. Ийм хүнд үед хатуу үнэ барьж яагаад ч болохгүй. Аливаа эдийн засаг эрэлт нийлүүлэлт дээр зохицуулагдаж явж байдаг. Гэтэл эрэлт нийлүүлэлтийн тогтолцоо нь зөрүүтэй болчихоод байгаа энэ үед төр засаг мэдрэх ёстой. Эцсийн дүндээ малчид түүхий эдээ өндөр үнээр өгсөн ч гэсэн түүгээр нь эцсийн бүтээгдэхүүн хийгээд борлуулж байгаа компаниуд борлуулж чадахгүй бол ирэх жил түүхий эдээ бас л авч чадахгүйд хүрнэ. Одоо бол нэгэнт шийдэгдсэн 300 тэрбумаар зах зээлийн бодит ханшаар аваад, компаниудынхаа өрсөлдөх нөхцөл бололцоог нь хангаад өгвөл илүү их хүртээмжтэй болно” гэж байлаа. Өөр ч олон шинэ саналыг үйлдвэрлэгчид дэвшүүлж байна. Тухайлбал, үйлдвэрлэгчид зах зээлийн бодит ханшаар ноолуураа авна. Харин төрийн зүгээс тэр ханш дээр нь кг тутамд 10.000 төгрөгийг малчинд нэмж олговол бодит урамшуулал болно.

Үүнийгээ зээлийн хөрөнгө гэж гаргаад байгаа 300 тэрбум төгрөгөөрөө хийх боломжтой гэж “Хатант интернэшнл” ХХК-ийн захирал Д.Ням-Осор ярив. Хэрэв ноолуурыг 100.000-аар худалдана гэсэн байр суурин дээр шийдвэр гаргагчид хатуу зогссоор байвал энэ салбарт олон эрсдэл бий болохоор нөхцөл байдал нэгэнт тодорхой болжээ. Малчид ноолуураа 100.000-аар худалдах битгий хэл зах зээлийн ханшаар ч өгөх боломжгүй хадгалж, хадгалсан ноолуур нь чанар муудсаар эдийн засгийн алдагдалд орно. Үйлдвэрүүд ажлын байраа хадгалж чадахгүй, эцсийн дүндээ монгол ноолуур арьс ширний хэмжээнд хүрч үнэлэгдэж мэдэхээр байна. Үүнийг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид бус гадаадын худалдан авагчид ч ингэж дүгнэж байгаа аж.

Энэ тухай “Үлэмж кашмер” ХХК-ийн захирал М.Сосордулам: “Би ноолуурын зах зээл дээр 20 гаруй жил ажилласан хүн. Засгийн газар ноолуурын зах зээлд оролцож байгаа тохиолдлыг анх удаа харж байна. Харамсалтай нь онцгой нөхцөл байдлыг Засгийн газар тооцож үзсэнгүй. "Covid-19" гэдэг өвчнөөс болж дэлхий даяараа зогсолт хийнэ гэж хэн ч тооцоогүй байсан. Ийм нөхцөлд байгаа оноогүй тоглолтыг төр хийж байна. Энэ бол улстөржсөн шийдвэр болж харагдаж байна. Ер нь ноолуурын үнийг ямар ч улс орон тогтоох боломжгүй байдаг. Жил жилийн ноолуурын чанар гарц өөр байдаг учраас зах зээлээ дагаад явдаг. Энэ удаа 100.000 үнэхээр ахадсан үнэ. Онцгой нөхцөл байдал үүсээд байгаад Засгийн газар дүлий, сохор юм шиг хандаж байгаа нь ард түмнийг басамжилсан, тэр дундаа малчдын толгойг эргүүлсэн шийдвэр боллоо. Үнэ дээр иймэрхүү тоглолт хийсээр байвал арьс шир, хонины ноосны үнийн хэмжээнд хүрч магадгүй шүү гэж Хятадын түншүүд анхааруулж байна” гэсэн юм.

 

Д.АЛТАНЦЭЦЭГ: МАНАЙ ХОЛБОО НООЛУУРЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВНА

ГЭДЭГ САНАЛ ТАВИАГҮЙ

 

Энэ талаар Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 -Ноолуурыг 100.000-аар худалдан авах ямар ч боломжгүй талаар үйлдвэрлэгчид хэлж байна. Гэтэл танай холбооны зүгээс ийм санал өгсөн тухай салбарын сайд, шийдвэр гаргагчид ярьсан?

-Засгийн газраас ноолуурын салбарт авах цогц арга хэмжээний талаарх 101 дүгээр тогтоолыг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд гаргасан. Тогтоол гаргахаас өмнө манай холбооноос төр засагт “Энэ жил ноолуурын салбарт эдийн засгийн хувьд эрсдэл учрах нөхцөл бий болоод байгаа тул 3-5 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зээлийг хүссэн санал тавьсан. Түүнээс биш 100.000 төгрөгөөр ноолуур авъя гэдэг саналыг огт тавиа­гүй. Тийм боломж ч байхгүй.

-Тэгвэл 100.000 гэх тоо хаанаас гарч ирсэн болж таарав аа?

-ХХААХҮЯ-наас 2020 онд бэлтгэх түүхий эдийн хэмжээ, шаардлагатай санхүүжилтийн судалгааг үйлдвэрлэгчдээс авсан. Жишээ нь, нэг компани энэ жил 30 тонн түүхий эд бэлтгэж авна, хүссэн санхүүжилт нь 3 тэрбум төгрөг хэрэгтэй гэдэг саналаа өглөө гэж бодоход хүссэн санхүүжилтийн 20 хувь буюу 600 сая төгрөг нь тогтмол болон урсгал зардалд зарцуулагдана гэж үйлдвэрүүд тооцоолсон. Гэтэл үүнийг яам хүссэн санхүүжилтийн хэмжээг худалдан авах түүхий эдийн хэмжээнд шууд хуваагаад зах зээлийн дундаж үнэ гаргасныгаа Ноос ноолуурын холбооноос гаргасан мэтээр тайлбарлаад байгаа.

  -Цаашид яах вэ?

-Одоо үүсээд байгаа цаг үеийн байдлаас харахад ноолуурын салбарын үйлдвэрлэгчид ашигтай ажиллана гэхээсээ илүү ажлын байраа хадгалж авч үлдэх нь амин чухал асуудлын нэг болоод байна. Нөгөөтэйгүүр Засгийн газрын зарласан үнээр ноолуур авбал үйлдвэрлэгчид 140 тэрбумын алдагдал хүлээхээр байгаа нь судалгаагаар гарсан.Энэ нь 100,000 дээрээ 3 хувиа нэмж тооцоод 3000 тонн ноолуурыг 103,000 төгрөгөөр аваад боловсруулахад 1,500 тн хялгасыг ялгасан ноолуур болно. Дэлхийн зах зээлийн одоогийн үнэ 165,600 төгрөг (60$)-өөр борлууллаа гэхэд борлуулалтын орлого 248,4 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний өртөг 387 тэрбум төгрөг болж, салбарын хэмжээнд 138,6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Иймээс энэ хүнд цаг үед алсыг харсан, малчид, үйлдвэрлэгчдийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хадгалсан ухаалаг зөв шийдэл, гарцыг олох нь чухал байна.

Б.ЭНХЗАЯА

 

Эх сурвалж: Өдрийн сонин

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.20ЗОЧИН   • 2020, 4 сарын 17. 16 цаг 48 минут

соц нийгмийн үед монгол улс 23н сая малтай байлаа, тэр үед уул уурхай гэж байсангүй ,эрдэнэт бол байсан гэхдээ оросод өрөө суутгуулаад ямарч нэгч төгрөгний орлого оруулдаггүй байлаа,хаоин монголчуудыг 23н сая мал ашиг шимээрээ бүрэн тэжээдэг байлаа. Гэтэл яав ардчиллын буянаар малыг малчдад нь хувчилснаар мал 45 - 80 сая болж өсөөд энэ их малын ашиг шимийг зөвхөн малчид дангаараа хүртэж,тэгээд бас болоогүй улсад нэгч татвар төлдөггүй,дээрээс нь улсаас бүх юмаа үнэгүй даалгаж нийгэмд нэмэр болох биш нэмрээс болж амьдардаг бүлэг баячууд .

202.55.188.46Зочин   • 2020, 4 сарын 10. 23 цаг 45 минут

Хэтээсээ энэ Улаан дандаа засгийнхаа эсрэг юм хийнэ мал амьдаар нь гаргана гэж зүтгэнэ,улаан буудай авна гэнэ,одоо энэ ноолуурын асуудлыг малчидтай нь үйлдвэртэй нь самраад хаячихлаа. Малчид уриалгыг нь дагаж ноолуураа дарсан одоо үнэ бодит үнээр явахад өгөх хүн байхгүй авах хүн байхгүй болсон. Яана даа Жагай ноолуур 20000-30000 д авна гэсэн үнэн боллоо доо.

66.181.161.56Зочин   • 2020, 4 сарын 10. 20 цаг 57 минут

Omhii lalruud zah zeeliinhee jamaar yvah yostoi gej hutsatsgaaj bnuu! Havar bolhoor l Hyatad uneer tohiod avchihlaa tor demjsengui geed l jil bolgon hutsatsgaadag ene jil hyataduud orj irj avah bolomjgui bolhoor shantaaj hiij hutsatsgaaj bh shiv Mongoliin undesnii uildverlegchid gej iim lalriin novshnuud bdag bhgui yu. Aris shirniihen bas gonshignood undesnii uildverlelee demjsengui geed l uhel aldaad bdag bsan aris shir hileer gargahgui bolgonguut odoo har nogooh ni zugeer l hog bolood unegui hayagdaj bna.

202.21.124.18Зочин   • 2020, 4 сарын 10. 15 цаг 37 минут

Малчдын амьжиргааны гол эх үүсвэр болох ноолуурын үнийг арьс шир, ноосны нэгэн адил үнэгүйдүүлэх бодлого бариад бүх юмыг улстөржүүлж байгаа төр маш харамсалтай байна. Малчдаа болон үндэсний үйлдвэрлэлээ аль алиныг нь дэмжих л хэрэгтэй дээ.

202.21.124.18Zochin   • 2020, 4 сарын 10. 14 цаг 19 минут

Uildveruudiinhee sanaliig sonsoh heregtei shde

202.21.124.18Zochin   • 2020, 4 сарын 10. 14 цаг 15 минут

Undesniihee uildveruudiig dampuulakh yum bna l daa, bodlogogui tur chini

103.212.117.105Зочин   • 2020, 4 сарын 10. 13 цаг 00 минут

Ёстой бодлоггүй буруу шийдвэр үүнээс үүдээд бүх талууд хохирол хүлээн

202.21.108.222Зочин   • 2020, 4 сарын 10. 11 цаг 36 минут

Hulduu Huuk, Ulaan nar chine uuniig oilgoj baigaa yu. Zah zeeliin huuliin esreg yavaagaa tsaad MANgaruud chin medehgui bna shd.

66.181.161.63Уншигч   • 2020, 4 сарын 10. 11 цаг 36 минут

Та нар худлаа ингэж байхаар өрсөлдөх боломж гарч ирж байхад чадах нь авахгүй юу. Эсвэл тийм алдагдалд орох юм бол энэ ноолуурын бизнесээ орхиод өөр юм хийхгүй юү дээ. Та нарыг албадангаар энж бизнесийг хий гэж хэн ч хэлээгүй шүү. Төрөөс хөдөө аж ахуйн биржээр хэлсэн үнээрээ аваад хэрэв дотоодын үйлдвэрүүд авахгүй болгадагш нь үнэ хүргээд зар тэгээд л болоо

64.119.17.72Зочин   • 2020, 4 сарын 10. 11 цаг 19 минут

Байгалийн давагдашгүй хүчин зүйл бүх дэлхийг нөмөрч байхад ийм юм ярьж суудаг ямар хоцрогдсон сэтгэлгээтэй хүмүүс вэ? Орших, эс оршихын асуудал. Үүнийг мэдэж бна уу?? Бүх орон хилээ хаасан байхад ноолуурын үнэ их бага гэж ярих нь дэндүү ойлгомжгүй байна.

192.82.72.30з   • 2020, 4 сарын 10. 10 цаг 54 минут

одоо байгалийн тэнцвэр алдагдаад хүний үйл ажиллагаа дэлхийд гамшиг авчирч байгаль тэнцвэрээ хадгалахыг оролдож байна. үүнд ноолуурын үйлдвэрлэл мөн хамаарна. хэт олон ямаа өсгөхийг байгаль сааруулахыг оролдож байгааг ухаарах хэрэгтэй шүү. ноолуурын зах зээлд хэрэгцээ буурахад ямаа өсгөх нь буурна. үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.