Хэн суралцахаа зогсооно тэр жинхэнээсээ хөгширдөг гэдэг үгийг олонтаа сонсож байв. Энэ үгийг амьдралынхаа мөрдлөг болгож яваа олон хүн бидний дунд оршин буй гэдэгт би хувьдаа итгэлтэй явдаг.
Тэгвэл тэдгээр хүмүүсийн нэг, үзэл бодлынхоо чандад байдаг тэрхүү зорилгоо биелүүлж яваа хүн бол Б.Одсүрэн юм. Түүнийг "Метро девелопмент" группийн үүсгэн байгуулагч, захирал гэдгээр нь уншигчид сайн мэдэх байх. Мөн дээрээс нь сошиал ертөнцөд түүний илэрхийлэх санаа, барих чиг баримжаа олон залуусын таашаалд нийцэж, даган дуурайдаг билээ.
Харин түүнийг бизнесийн замналаа хэрхэн эхлүүлж, ямархуу хэмжээнд өсгөж өндийлгөсөн хийгээд бие хүнийхээ хувьд боловсрол, соёлыг хэрхэн үнэлж дүгнэж явдгийг төдийлөн олон мэдэхгүй байх. Гагцхүү энэ цаг үед барилга тэргүүтэй бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөөн үзүүлж яваа, боловсролтой залуу гэх энгийн хийгээд, өнгөц тодорхойлолтоор ихэнх хүмүүс түүнийг мэднэ.
Б.Одсүрэнгийн хувьд хэн нэгэн сайн ахын буян, эсвэл төсөл тендерийн буянаар өнөөдрийн капиталаа буй болгоогүй нэгэн аж. Тэрбээр, манай алдартай бизнесменүүдийн амьдралын зураг төөргийн дагуу хар багадаа ганзагын наймаанаас амьдралаа эхлүүлж, өнөөдөр “Метро Девелопмент” гэх их айлдаа барилга, уул уурхай, хайгуул шинжилгээ, боловсрол, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн түрээс тэргүүтэй 9 том компанийг багтаасан, нийт 400 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй юм. Түүний компаниудын жилийн борлуулалтын орлого нь 58 тэрбумыг давдаг томоохон хөдлөх хүч хэдий ч тэр шинэ салбар, шинэ бүхэнд тасралтгүй суралцсаар байна.
16 настай 8 дугаар ангийн хүүхэд амьдралын эрхээр ганзагын наймаанд ахынхаа гадаад паспортыг ашиглаж гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй суралцаж, бас бүтээсээр байна. Энэ их хөдөлмөр нь түүнийг 22 насандаа анхны компаниа байгуулах хэмжээнд хүргэв. Мэдээж савхин хүрэм, тавилгаар эхлүүлж байсан бизнесээ өргөжүүлэн мэдээлэл технологийн салбарт өрсөлдөхүйц анхны “Монгол карт системс” компаниа байгуулсан нь энэ байв. Үргэлжлүүлэн агаарын тээвэр зуучлал, реклам сурталчилгаа, үүрэн телефоны худалдаа, такси үйлчилгээ болон худалдааны чиглэлд бизнесээ өргөжүүлсэн ч хүссэн амжилт нь түүнд эрээгүй аж.
Гэсэн ч зогсолтгүй зүтгэснийхээ хүчинд барилгын салбарт өрсөлдөж, өнөөдрийн хамгийн том капиталаа босгож яваа юм. Тэрбээр ажилласан салбар бүртээ бизнесийн алтан зарчим болсон шинийг санаачлахаас тэр хэзээ ч холдоогүй юм. Түүнийхээ үрээр Канад хаус, анхны хотын төвийн орон сууцны хорооллуудын нэг, худалдаа наймааг хотын төв рүү чиглэж болохыг харуулсан хотын төвийн томоохон дэлгүүр болох Метро молл зэргийг байгуулав. Мэдээж энэ бүтээн байгуулалт, амжилт дардан байгаагүй. Ажилтангүй, монгол хүн барилгын салбарт төдийлөн хөлөө олоогүй ихэвчлэн гадныханы гар хөлийг хардаг байсан цаг үед эдгээр нь шинэ сорилт, бас шинэ эрэл хайгуул байжээ. Тэр хэрээрээ шинэ салбараа мэдэхийн тулд барилгын бизнесээ тэнгэр баганадсан өндөр барилга гэхээсээ илүү зуслангийн байшингаас эхлүүлж байсан нь сонирхолтой. Энэ зам нь мэдээж шинэ салбараа таньж мэдэхийн тулд, туршлага хуримтлуулахын тулд, өнөөх тасралтгүй суралцах гэсэн зарчмаа хэрэгжүүлэхийн тулд байсан нь ойлгомжтой. Тэр нь ч буруудаагүй. Өнөөдөр Б.Одсүрэн гэгч эрхэм бие хүнийхээ хувьд төдийгүй, салбартаа ч тэр, эх орондоо ч тэр тэргүүлэх хэмжээний бизнесменүүдийн нэг болон чадавхжээ.
Энэ бүгд нь түүний боловсролыг үнэлдэг. Боловсрол бол суралцах юм гэсэн зарчмыг мэддэг байсных нь төлөө өгөгдсөн амжилт гэлтэй. "Хүн боловсрол эзэмшинэ гэдэг нь өөрөө буруу юм. Боловсрол гэдэг бол үйл явц, процесс юм. Генри Форд “Хүн 20 насандаа ч хөгширч болно. 80 насандаа ч хөгширч болно” гэсэн байдаг. Хүн сурахаа зогсоовол хөгширнө гэсэн үг л дээ.
Тэгэхээр боловсролыг бид процесс гэж ойлгох хэрэгтэй. Өөрийгөө байнга шинэчилж, өөрчлөх ёстой" гэдэг түүний үг нь өнөөдрийн Б.Одсүрэнг бүтээжээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Боловсрол гэдэг процесс ч арай биш юмаа. Тэгж хар ухаанаар ухантаж болохгүй. Хүн амьдралынхаа турш суралцдаг. Сургуульд, ажиллахдаа хүртэл суралцдаг. Суралцаад олж авсан мэдлэгийн хэмжээг боловсрол гэдэг.