Өндөр шилэн барилга үүдээ нээхийн хэрээр бидний өдөр тутмын амьдралд цахилгаан шат чухал хэрэглээ болж байна. Та 10 давхар руу алхахыг бодох уу. Аль эсвэл нэгхэн товчлуур дараад өндөр барилгын оройд байрласан оффистоо очихыг сонгох байсан уу. Мэдээж хүн бүрийн хариулт нэг. Өөрөөр хэлбэл, нэг минутыг ч эрхэм болгодог завгүй олны хэрэглээг цахилгаан шат хөнгөвчиж чадаж байна. Гэвч манайхан цахилгаан шатаар зорчих соёлд төдийлөн суралцаж амжаагүй л явна. Зорчих чиглэлийн сумыг буруу дарахаас эхлүүлээд цахилгаан шатны доторх эд хогшилд хайр гамгүй хандах иргэд ч мэр сэр бий.
Зарим үед цахилгаан шатанд сууж, буух нь автобусны хаалгаар уралдах олныг эрхгүй санагдуулна. Учир нь цахилгаан шат зогсож, хаалга нээгдэх төдийд ухасхийн дайрч, хэл амаа уралдуулдаг олныг хэд хэдэн харж байлаа. Гэвч энэ тийм ч том асуудал биш. Цахилгаан шатнаас хүмүүс бууж дуусах хүртэл баруун гарын дүрмийг баримтлан зай тавьж өгөхөд л шийдэгдчихнэ. Иймд яарч байсан ч соёлтой байхаа бүү мартаарай. Энэ нь өөрийг ч өрөөлийг хүндэлж буй хэлбэр мөн.
10 дугаар давхраас доош буух гэж байгаа бол доош чиглэлийн сумыг дарж хүлээх нь зөв. Дээш чиглэсэн сумыг харсан хэрнээ “Дээшээ явж байна уу” гэж асуудгийг ойлгоход ч бэрх. Тэр дундаа дээшээ явж буй цахилгаан шатанд суусан хэрнээ хэнэгчгүй доош дарах хүн ч олон. Энэ мэт хэдхэн жишээ бидэнд цахилгаан шатаар зорчих соёл дутмаг байгааг харуулж байна.
Их хотын өнгө үзэмжийг өндөр шилэн барилга, өнгө хээнцэр машинаар төсөөлдөг үе хэдийнэ ард өнгөрсөн. Харин хувь хүн бүр соёлыг бусдадаа түгээдэг байдлаас нийслэл хотын өнгө төрхийг ажиглаж болох билээ. Ингэхдээ өдөр бүрийн энгийн алхмаас эхлэх нь зүй. Иймд цахилгаан шатаар богино хугацаанд л зорчоод өнгөрнө гэсэн бодлоор бүү хандаарай иргэд ээ.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Юун цахилгаан шатны соёл вэ хөдөөнийхөн явган хүний замаар ч явж чадахгүй байхад. Тэд гарц орцыг хааж зогсоно, олноороо сугадалцаад замаар шатаар явна, дэлгүүрийн кассан дээр будилж, бараагаа буцаана гээд цаг авна, хотын соёл сураагүй улсуудад бүр ахисан түвшний юм заах гээд байх юм.
өөрийгөө соёлтой авч явах бусдад садаа төвөг боллхгүй байх гэдгийг огт ойлгодоггүй
урсдаг шатагд хүртэл баруун гар талаараа эгнээд яарсан нэг нь зүүн талаар нь граад явдаг соёл ёстой мэдэхгүй хотын соёл үнэн дутагдаж байгаа нь харагддаг.
Байнга тохиолдож байдаг асуудлыг зөв зүйтэй хөнджээ. Манай байгууллага маш том, 16 давхар барилгад байрладаг бөгөөд түүнд олон тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өглөө ажил эхлэх, өдөр цайны завсарлага, орой ажил тарах үед цахилгаан шатанд суугчид хэн бэ гэдгээ ёстой харуулдаг даа. Хаалга нээгдэхтэй зэрэгцээд буух хүмүүс гарч амжаагүй байхад л шууд өмнөөс нь чихнэ, Гаднаас нь харахад хотын соёлтой байрын залуучууд байх юм харамсалтай нь ахмад хүмүүс, эмэгтэйчүүдээ хүндэтгэн гэж ёстой байхгүй юм. 4-өөс доош давхарынхан явган явчихмаар,
Үнэн үнэн
МЕТРО хот:байнга сэдвүүд хөндөх юмаа.Явган хүний гарцан дээр ч гэсэн өөд өөдөөсөө л бөөнөөрөө дайрчих юм,автобусанд ч соёлтой явахгүй энэ хүмүүс нээрээ сонин юмаа.
чухал сэдвүүд