Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой “ЖИНХЭНЭ ЖДҮ” булангийн энэ удаагийн дугаарт Өмнөговь аймагт хонь, ямааны боловсруулсан арьсаар хөдөлмөр хамгааллын хувцас, бээлий хийдэг “Хасуд Бат” үйлдвэрийг онцолж байна. Тус үйлдвэрийн суурийг цахилгаанчин мэргэжилтэй Б.Ганбат 1995 онд тавьж байжээ. Тэрбээр анх хүүхдийн арьсан гутал урлаж, өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж байсан түүхтэй.
Харин 2010 оноос "Оюутолгой" компанийн ханган нийлүүлэгчээр хамтран ажиллаж, өрхийн бизнесээ цех болгож, өргөжүүлсэн. Түүнээс хойш "Оюутолгой" компанийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч, олон улсын стандарт шаардлага хангасан EN420, EN338 ажлын арьсан бээлийг хонь, ямааны арьсаар үйлдвэрлэн зах зээлд гаргаж байгаа төдийгүй нэг сарын хугацаанд 5000 хос бээлий үйлдвэрлэн Оюутолгой компанид нийлүүлж, үнэгүйдсэн хонь, ямааны арьсыг үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байна.
“Хасуд Бат” ХХК нь түүхий эд болох малын арьсыг өөрсдөө боловсруулдаггүй. Харин дотоодын бизнес эрхлэгчдийн эргэх, холбоог түшиглэн арьс шир боловсруулдаг үйлдвэрээс авдаг. Саяхан Өмнөговь аймагт Жижиг, дунд үйлдвэрийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлд маш олон аж, ахуй нэгж хамрагдаж ажлын байраа өргөтгөж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой болсон. Тэдний нэг нь “Хасуд Бат” арьсан эдлэлийн үйлдвэр юм. "Хасуд Бат" үйлдвэр нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдах хүсэлтийг олон удаа гаргаж байсан ч олон шалгуур, шаардлагыг хангаж чаддаггүй байсан бол энэ жил Жижиг, дунд үйлдвэрийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсан байна.
Тэрбээр энэ тухай бидэнд ярихдаа "Жижиг, дунд үйлдвэрийн газрын бодлого илүү сайжирч, жинхэнэ үйлдвэр эрхлэгчдэд зээлийг хүргэж байгаа нь сайшаалтай. Ингэснээр банкны өндөр шалгуурыг халж, үйлдвэр эрхлэгчдийн бодит нөхцөл байдалд тулгуурлан зөв бодлого хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байна" хэмээн хэлж байлаа.
Ингээд “Хасуд Бат” арьсан эдлэлийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч, захирал Б.Ганбатын ярилцлагыг хүргэж байна.
-1995 онд бизнесээ эхлүүлж байсан түүхээсээ хуваалцаач, гарааны бизнес эхлүүлж байхад хүндрэлтэй асуудлууд тулгардаг байсан байх?
-Тухайн үед тулгарч байсан асуудлуудыг хүнд хэцүү байдлаар хүлээж авдаггүй байсан. Учир нь өөрийнхөө дуртай ажлыг хийдэг, одоо ч гэсэн хийсээр л байна. Өнгөрсөн хугацаанд бидэнд тулгарч байсан хамгийн том асуудал бол санхүүгийн хүндрэл байжээ. Гэвч бид өдөр өнгөрөх тусам бүтээгдэхүүнийхээ чанарт онцгойлон анхаарч ажилласан. Тиймээс манай бүтээгдэхүүний борлуулалт бага, багаар өссөөр байна. Манайх бизнесээ эхлүүлж байхдаа даавууны өөдсийг хаяхгүйгээр дахин ашигладаг байсан. Бид хэдийгээр бизнесээ өргөжүүлж өөрсдийн үйлдвэртэй болсон ч гэсэн хаягдал өөдсүүдийг ашигласаар байгаа. Хаягдал өөдсийг дахин ашиглах нь олон талын тустай. Арьсан бээлийг хийхэд гарсан өөдсөөр хүүхдийн чихмэл тоглоом, мишок, боксын бээлий хийх төлөвлөгөөтэй байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Б.Ганбатын ажил, амьдралын тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Өмнөговь аймагт танайхтай адил арьс, ширийг ашиглаж бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байдаг уу. Малын арьсыг боловсруулан ашигладаг газар олон байдаг. Танай үйлдвэрийн тэдгээрээс ялгарах онцлог юу вэ?
-Манайхтай адил арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бий. Манай улсад арьсан эдлэлээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон үйлдвэр байдаг юм билээ. “Хасуд Бат” үйлдвэр нь Улаанбаатар хотоос алслагдсан Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж, аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Манайх гол түүхий эдүүдийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Гэрээт үйлдвэрээс худалдаж авдаг учраас санхүүгийн эрсдлийг байнга тооцоолох хэрэгтэй байдаг. Мөн бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлгахад маш их анхаардаг. Улаанбаатар хотод гол түүхий эд болох малын арьсыг өөрсдөө боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэр олон байдаг. Тэдэнтэй өрсөлдөхөд бүтээгдэхүүний үнэ, ханш дээр асуудал үүсдэг. Тиймээс бид энэ асуудлыг бизнесийн түншлэлээр зохицуулахыг хичээдэг.
-Танайх хэчнээн хүнийг ажлын байраар хангасан бэ?
-Одоогоор албан ёсоор 30 хүнийг ажлын байраар хангасан байна. Албан бусаар туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч ажилладаг 100 гаруй хүн байдаг.
-Танай үйлдвэрээс гаргадаг бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдийг тодорхойлбол. Одоогоор Өмнөговь аймгийн хэмжээнд бүтээгдэхүүн нийлүүлдэг байх?
-Манай бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдэд нэгдүгээрт уул уурхайн компаниудын гэрээт худалдан авагчид багтдаг. Энд Оюутолгой компани бол манай үйлдвэрийн хамгийн сайн түнш. Хоёрдугаарт орон нутгийн Тавантолгой, дулааны цахилгаан станц, зам гүүр, барилгын компаниуд багтана. Мөн орон нутгийн иргэд манай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгчид байдаг. Одоогоор зөвхөн Өмнөговь аймгийн зах зээлд бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Цаашдаа шинэ салбаруудыг нээх төлөвлөгөөтэй байна. Жижиг үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэж гаргавал гадаад гэхээс илүү дотоодын зах зээлд хангалттай хүрч чадна. Жишээлбэл, манайд үйлдвэрлэдэг арьсан бээлийг дотооддоо хэрэглэж болно шүү дээ. Харин манайхан ихэвчлэн Хятад улсаас оруулж ирдэг бээлийг хэрэглэх юм.
-Танай үйдвэрийн нэр бүхий 10 төрлийн бүтээгдэхүүнээс ямар бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулагддаг вэ?
-Хөдөлмөр хамгааллын арьсан бээлий хамгийн сайн борлуулагддаг. Мөн нурууны бүслүүр маш сайн зарагддаг. Хэрэглэгчид нурууны бүслүүрийг эдэлгээ сайтай, өнгө үзэмжийн хувьд загварлаг гэж урам өгдөг. Энэхүү бүсийг хөдөөний малчдаас эхлээд барилгачид, гадаа байнгын зогсож ажилладаг хүмүүс маш их захиалдаг.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ардчиллыг дагасан улс орон эцэст нь түүхий эд нийлүүлэгч, бүтээн байгуулагч биш, хэрэглэгч худалдан авч улс орон болж хувирдаг юм.
жинхэнэ ждү чин энэ байна даа амжилт хүсье мундаг
Юун хятад бээлий. Манайхан энэ үйлдвэрийн бээлийгээ хэрэглэх хэрэгтэй юм байна.Амжилт хүсэе
ЖДҮ-ийн газрын зээл зөв эзэддээ очиж чадсан байна бид үндэсний үйлдвэрлэгчдийг ямагт дэмжих ёстой. Ийм сайхан бүтээгдэхүүнийг хямд үнээр авч хэрэглэх нь зүйтэй. Тэр тусмаа хотод барилга, гэр хоролллын иргэд нүүрс модоо түлэх, зөөхдөө хэрэглэж болох юм байна. Бээлий нь таалагдлаа. Одоо илүү цар хүрээтэй бизнес болгоорой. Амжилт хүсье Ганбатаа
Хаана зардаг вэ хотод?
ажлын амжилт хүсье ажил хөдөлмөрөөр амьдарч байгаа хүмүүсийг гүнээ хүндэтгэж байна мулгуу улсуудын бичсэн зүлйийг байхгүй гэж бодоорой
Ямар сайхан юм хийдэг хүн бэ жинхэнэ ждү гэж энж аүний хийж байгааг хэлэх байх. Сайн байна. Ждү зээл хөдөө орон нутагь очиж байгаа нь сайн байна. Илүү олон хүнд хүрээсэй. Хувиараа жижиг бизнес эрхлэгчид авч болдог юм боло вуу хаанаас мэдээлэл авах уу
Vnheer mundag zvil hiisen hvn .Amjilt hvsie .JDV ZOW HVNDEE HVRJEE. tsaashid bsn iim mundag hvmvvst ochij baigaasai .ta bvhend ajiliin amjilt hvsii
Нимгэн тул зун өмсөхөд гар хөлрөхгүй , нимгэн зөөлөн болохоор ажилд саад болохгүй, тог цахилгаан дамжуулагүй маш сайн бээлий байна лээ шүү угаах боломжтой,
зуны ажлын хувьд зарим ажил мэргэжлийн онцлогт тааруулан яг савхин бээлийний загвараар доторгүй хийж нийтийн худалдаанд гаргавал жолооч нараас авахуулаад гадаа ажилдаг хүмүүс маш хэрэгтэй санагдсан шүү
beelii goyo haragdaj bn
Ийм хачин хог үйлдвэрлэх хэрэг байна уу
хог гэнээ яасан мулгуй амьтан бэ
Юун хог вэ. Харин ч сайн зүйл хийж байгаа бус уу.